Хотын дарга Х.Нямбаатар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн өмчлөлийн асуудлаар тус компанийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваатай уулзаж, өмчлөлийн асуудлыг нэг талд нь гаргах, газар зарсан эсэх асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэрэг асуудлыг сөхсөн.
Тэгвэл төр, хувийн хэвшил хамтарсан өмчлөлтэй тус компани 2008 онд 2.3 сая, 2014 3.1 сая, 2017 онд 2.25 сая, 2018 онд 6.4 сая, 2023 онд 18.5 сая буюу дээрх хугацаанд нийт 32.7 сая төгрөгийг ногдол ашиг болгож нийслэлд хуваарилсан байна.
Түүнчлэн нийслэлээс жил бүр төсөв зарцуулан Төв цэнгэлдэх хүрээлэнг засаж, тохижуулдаг бөгөөд 2008 оноос хойш урсгал засвар, тохижилтод 4.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Хамтарсан компани боловч санхүүгийн мэдээллээ тайлагнадаггүй, ногдол ашиг өгөхгүй байгаа зэрэг нь хууль зөрчиж байгаа гэж үзэн нийслэлийн зүгээс хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдээд байгаа юм.