Нийтийн тээврээр зорчигчдын түгээмэл ашигладаг UB Smart Bus аппликейшнийг хэрэглээнээс хасахаар болсныг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ.
Уг аппликейшнийг “Улаанбаатар смарт карт” компани бүтээж, хөгжүүлсэн бөгөөд сервер нь БНСУ-д байрладаг. Улмаар нийслэлийн иргэдийн мэдээлэл гадаадын компанид төвлөрч байгаа нь эрсдэлтэй гэж үзэн нийтийн тээврийн шинэ төлөвлөлтийн хүрээнд тус аппликейшнийг үе шаттайгаар хэрэглээнээс хасахаар шийджээ. Харин “Улаанбаатар смарт карт” компанид хэрэглээнээс халах тухай албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа аж.
Үүний оронд “Ай Си Ти” гэх дотоодын технологийн компани шинэ аппликейшн хөгжүүлж байгаа аж. Шинэ аппликейшнийг энэ сарын 20-ноос хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй олон нийтэд албан ёсоор танилцуулах гэнэ.
Шинэ аппликейшнээс нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг, яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг, автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар чиглэл ирдэг, хамгийн ойр автобусны буудлын байршлын мэдээллийг авах боломжтой аж.