Нийслэлчүүдийн хувьд зургаан сараас өдийг хүртэл үргэлжилж буй зам засварын ажил асуудал болоод буй. Тодруулбал оюутан, сурагчдын хичээл эхэлсэнтэй холбоотойгоор авто замын ачаалал нэмэгдэж, бид түгжрэлтэй эргэн золгосон. Авто замыг шинэчилж байгаа нь сайн хэрэг ч зуны гурван сар яагаад засварлаж болоогүй юм бэ гэдэг шүүмжлэлийг иргэд хэлсээр байгаа.
Тэгвэл энэ ажил 11 сарын дунд үе хүртэл хуваарийн дагуу үргэлжилж, дуусах төлөвтэй байна. Харин дууссаны дараа ирэх 10 жилдээ дахин Улаанбаатарын замыг шинэчлэхгүй байхаар төлөвлөжээ. Мөн түгжрэлийг бууруулах зорилгоор тухайн замууд дээгүүр хурдны замын бүтээн байгуулалт хийгдэх юм байна. Өөрөөр хэлбэл хоёр давхар замыг бүтээн байгуулж эхэлнэ гэсэн үг.
Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар,
“Улаанбаатар хотын одоогийн байгаа авто замуудыг 2025 оны зургаадугаар сарын 1 гэхэд бүрэн шинэчилж дуусна.
Өөрөөр хэлбэл бид нэгдүгээр түвшний замуудад ойрын 10 жил засвар шинэчлэлт хийхээргүй бүтэн шинэчлэлтийг хийж дуусгана. Бидний дараагийн зорилт бол 2025 оны хоёрдугаар улирал гэхэд II түвшний буюу хурдны замуудыг шинээр бүтээн байгуулах ажлууд эхэлнэ.
Бүтээн байгуулалтын ажлуудын эхнийх нь Туулын хурдны зам буюу Налайхын хурдны замын төгсгөлөөс Дарханы хурдны замын төгсгөл хүртэл Туул голын эрэг дагуу 33 км тулгууртай, 6 эгнээ хурдны замыг бүтээн байгуулах ажлаар хоёрдугаар түвшний буюу хоёр давхрын хурдны замын ажлууд эхэлнэ. Үүний араас хотын төвийн тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсвийн ажлууд хийгдэж эхэлж байгаа” гэж мэдэгдлээ.