Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдрийн хуралдаанаар Засгийн газарт танилцуулсан Төрийн өмчит болон Орон нутгийн өмчит компаниудын хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Засгийн газрын хурал дээр Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын хуулийн төслийн үзэл баримтлал цаашлаад төрийн өмчит компаниудын хэрэгцээ, реформуудын талаарх танилцуулгыг хийлээ. Ирэх долоо хоногт Төрийн өмчийн компанийн хуулийг ЗГ-т танилцуулгахад бэлтгэж, УИХ-д өргөн мэдүүлнэ.
Төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компаниуд зайлшгүй реформ хийх шаардлагатай болж хувирсан байна. Зарлага нь өндөр. Зарлагаараа захирлууд нь урамшууллаа авдаг. Төсвөөс гадуур хяналтгүй төсөвтэй ТӨХК-иудад зохих арга хэмжээг авах ёстой. Тиймээс дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр 14 эрх зүйн реформын хүрээнд ТӨХК-ийн эрх зүйн реформыг хийнэ. Энэ хүрээнд бид гурван агуулга дээр төвлөрч байгаа.
Нэгт. Санхүүгийн сахилга бат, хариуцлага
Хоёрт. Ил тод нээлттэй засаглал
Гуравт. Эдийн засаг дахь төрийн оролцоо
буюу төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хангуулахын тулд дээрх эрхзүйн реформыг хийхээр зорьж байна.
Монгол Улсад төрийн өмчийн хороонд тайлан ирүүлдэг 99 толгой компани байгаа. Үүн дээр охин, хараат компанийг нийлүүлээд үзвэл 122 компани Төрийн өмчийн хороонд тайлангаа ирүүлдэг. Орон нутгийн өмчит компанийг тоолж чадахгүй хэмжээнд хүрсэн.
Олон улсын валютын сан жишиг шалгуур үзүүлэлтүүдээр өр төлбөр, хөрөнгийн харилцаагаар төрийн өмчит компаниудыг нийт хөрөнгийн өгөөжийн эрсдэлтэй хавсруулан үнэлэхэд, нийт 99 компаниас 40 хувь нь өр, төлбөр хөрөнгийн харилцаагаар эрсдэлтэй байна гэж бүртгэгдсэн. Мөн хөрөнгийн өгөөжийн эрсдэлээр 99 компаниас 23 хувь нь дунд эрсдэлтэй, 20 хувь нь өндөр эрсдэлтэй гэсэн түвшин тогтоогдсон.
ТӨХК-иуд нийтдээ улсын төсөвт 24.4 их наяд төгрөгийн орлого бүрдүүлдэг. Үүнийг төрийн өмчит компаниудтай харьцуулж үзэхэд татвар хураамж хэлбэрээр төсөвт 5.8 их наядын орлогыг бүрдүүлдэг. Зарлагыг нь хараад үзэхэд ТӨХК-иуд улсын төсөвтэй харьцуулахад 75 хувийн зарлага гаргаж байгаа юм. Үүнийг улсын нэгдсэн төсвийн зарлага 22.5 их наяд төгрөгтэй харьцуулахад төрийн өмчит компаниуд зарлага илүү өндөр байна. Дээрээс нь ТӨХК-иуд төсвөөс 70 тэрбум төгрөгийн татаас авдаг гэсэн үзүүлэлт байна. Тиймээс бид төрийн өмчит компаниуд дээр шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүсэж байна.
Төрийн өмчит хуулийн этгээдүүд 4.75 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. Энэ нь ердөө таван компанийн дүн. Харин үлдсэн 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн ашиг олдог. Бусад 43 хуулийн этгээд бүгд алдагдалтай ажилладаг гэх аудитын тайлан гарсан.
Үүнээс дүгнээд үзэхэд, Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 158 арга хэмжээнд 319.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нэг жилийн хугацаанд алдагдалтай ажилласан 9 төрийн өмчит компани 971.9 сая төгрөгийн үр дүнгийн урамшууллыг удирдлагууддаа олгосон байдаг.
Өөрөөр хэлбэл энэ компаниуд алдагдалтай ажилладаг гэхдээ удирдлагууддаа урамшуулал олгодог. Тэгэхээр дүрэм журмаа барих, хууль эрх зүйн үүднээс ажиллах шаардлагатай.
Тиймээс бид хуулийн хүрээнд хэд хэдэн асуудлыг шийднэ. Дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлнэ. ТУЗ-ийг нээлттэй сонгон шалгаруулж, компанийн ашигт үйл ажиллагаатай холбоно. Цаашдаа таван жилийн хугацаанд төр ямар бизнест оролцож, ямар бизнест оролцохгүй байх вэ гэдэг концевцоо хувийн хэвшилд танилцуулдаг байх хэрэгтэй байна” гэлээ.