ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсад айлчилсан билээ. Тухайн үед Олон улсын эрүүгийн шүүхийн тушаалыг биелүүлж В.Путиныг баривчлахыг Украин улс Монголоос хүссэн. Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард В.Путиныг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан юм. Уг тушаалын дагуу шүүхийн гишүүн 124 улс В.Путиныг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд баривчлах ёстой.
Тэгвэл Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн өчигдөр /2024.10.24/ Монгол Улс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг өөрийн нутаг дэвсгэрт байхад нь баривчилж, шүүхэд шилжүүлээгүй ноцтой байдлыг харгалзан үзэж, энэ асуудлыг оролцогч орнуудын Ассамблейд шилжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Олон улсын Эрүүгийн шүүх нь төрийн оролцооноос хамааралгүй үйл ажиллагаа явуулж, олон улсын ноцтой гэмт хэргүүдийг шийдвэрлэдэг гэдгийг хуралд онцолжээ.
Эх сурвалж: International Criminal Court