ҮХЦ-ийн гишүүн асан Д.Одбаярыг Хонгконг руу консулаар явуулах болсон тухай мэдээлэл хөвөрч буй.
Уг нь Хонгконгт суух консул О.Хулан томилогдоод удаагүй байгаа билээ. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий менежерээр ажиллаж байсан О.Хуланг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод суух Ерөнхий консулаар томилсон. Энэхүү томилгоог 2023.04.12-нд Засгийн газрын хуралдаанаар хийсэн бөгөөд гадаад худалдаагаа анхаарах шаардлагатай цэг рүү явуулсан. Гэхдээ О.Хулангийн хувьд мэргэжлийн дипломтч биш санхүү, хөрөнгө оруулалт, уул уурхайн чиглэлийн л хүн юм.
Уг нь Дипломат албаны тухай хуулийн 16.7-д “Дипломат ажилтны Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа 4 жил байна” гэж заасан байдаг.
Ерөнхий консулыг эгүүлэн татах асуудлыг Дипломат албаны тухай хуульд:
- 16.1.Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч нь гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх тохиолдолд түүнийг Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу томилж, эгүүлэн татна”
- 16.2. Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад тохиолдолд Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татна.
Тэгэхээр өнөөдрийн /2024.10.23/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэр гаргаж болзошгүй байна.
Манайд өмнө нь Ерөнхий консулыг хугацаанаас нь өмнө татах тохиолдол олон удаа гарч байв. Гэхдээ дандаа хариуцлага алдсанаас үүдэн татагдаж байжээ.
Энэ удаад Д.Одбаярт консулын суудлыг Ерөнхийлөгчийн зүгээс өгч байх магадлал өндөртэй. Түүнийг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлөхдөө амласан амлалтын дагуу явж байгаа гэх хардлага ч хөвөрч байна.
Дипломат алба нь төрийн тусгай алба. Ямартай ч, ёс зүйн хувьд яагаад ч энэ албанд тохирохгүй, зарчмын хувьд болохгүй томилгоо юм.