Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн шинэ хувилбар буюу агаарын дүүжин тээврийг нэвтрүүлэх асуудал яригдаж эхэлсэн.
Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байх үеэс эхлэлтэй уг төсөл цаасан дээр л яригдаж, нээлтээ хийх хугацаа нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөнөөс өөр бодит ахицгүй өнөөдрийг хүрсэн.
Тэгвэл Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбороос Хархорин зах хүртэлх дүүжин тээврийн эхний шугамын бүтээн байгуулалтын ажлыг ирэх гуравдугаар сард эхлүүлэхээр болсон байна. Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр 2024 оны дөрөвдүгээр улирал гэхэд дүүжин тээврийн угсралтын ажлыг дуусгаж, 2025 оны эхний улиралд ашиглалт оруулна гэж тооцож байгаа аж.
Дүүжин тээвэр ашиглалтад орсноор иргэд Яармагаас хотын төвийн зүүн хэсэг рүү автомашингүй зорчих боломж бүрдэж байгаа нь замын түгжрэлийг бууруулах болон аялал жуулчлалд эерэг нөлөөтэй. Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй уг төслийг Улаанбаатар хотын захиргаа болон Францын ПОМА компанийн хамтран хэрэгжүүлэх юм.