Х.НЯМБААТАР:
– Автобусны тендерийг ирэх баасан гарагийн 11.00 цагт нээлттэй задална. Олон улсад зарласан тендерийн баримт бичгийг задалж, үнийн дүн, баталгаа зэргийг танилцуулна.
– Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг бүгдийг картжуулж бүртгэлжүүлнэ. Нийслэлийн ИТХ-аас 2014 онд баталсан машин цагийн тогтоол гэж бий. Уг тогтоолоор автобусны ажилласан цагийг тооцож, татаас олгодог байсан. Зорчигчийг тоололгүй өгдөг энэ механизмыг бид нар өөрчилье гэж байгаа. Цагдаа, хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэт үнэгүй зорчдог иргэдийг тоолдог байдал руу шинжилнэ. Үүнд нэлээн том дүн бүхий програм хангамжийн тендер зарласан. Тээвэрлэсэн зоригчийнх нь тоогоор автобус компанид санхүүжилт олгодог шударга зарчим руу шилжинэ. Энэ асуудлыг ярьж байгаа, одоогоор шийдвэр гарсан зүйл байхгүй.
– Би аливаа үйлчилгээг үнэгүй байлгахын эсрэг байдаг хүн. Тиймээс автобусаар зорчих тасалбарыг 1000 төгрөг болгож нэмнэ. Одоо байгаа тоон мэдээллээр нийслэлийн иргэдийн 20 гаруй хувь нь нийтийн тээврээр зорчиж байна. Бид жил бүр 240-250 тэрбум төгрөгийг автобус компаниудад өгдөг. Гэтэл зорчилтын хувь хэмжээ ийм бага байна. Тиймээс зорчигчийн тоог бодитоор гаргадаг болно. Ингэснээр нийтийн тээврийн автобусны жолооч болон ажилчдын цалинг нэмэгдүүлнэ.
– Улаанбаатар смарт карт ХХК нийслэлд тендергүйгээр бараг 30 жил ажиллах гэрээтэй. Ийм гэрээ дэлхий дээр байхгүй. Дээр нь нэг ч удаа санхүүгийн тооцоо нийлж байгаагүй. Бүх олж байгаа орлогынхоо 10 хувийг ямар нэгэн болзолгүйгээр авдаг. Мөн програм хөгжүүлэлтийн ажлаа өнөөдрийг хүртэл хийгээгүй. Төртэй хамтардаг компани мөртлөө Үндэсний аудитын байгууллагаар орж байгаагүй. Тиймээс өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар смарт компанитай хамтран ажиллах гэрээгээ цуцлах саналаа хүргүүлсэн.
-Өнөөдөр автобуснуудын өдрийн гаралт 950-980 байгаа. Шинэ автобуснууд орж ирснээр 1300-1400-д хүргэнэ. Ингэхдээ богино чиглэлүүдийг нээнэ. Энэ ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нээхээр төлөвлөж байна. Гэхдээ тэр болтол програм хангамжаа шийдэж амжихгүй. Тиймээс шилжилтийн үеийн арга хэмжээ авна. Ирэх жил автобусны чиглэлийг хурдан болгохын авто замууд дээр эгнээ өргөтгөх ажил хийнэ.
– Ирэх жил Мишээл, АПУ, Энхтайваны гүүрний доор, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Станцын зам, Хайлааст, Улиастайн чиглэлд замын өргөтгөл хийнэ. Эгнээ өргөтгөнө гэсэн үг. Ингэснээр нийтийн тээврийн эрчим сайжирна.
-Зарим хүн хөлбөртэй бүс тогтоож, шууд 27500 төгрөг авах мэтээр буруу ойлголт нийгэмд өгсөн. Төлбөртэй бүс тогтоох эрхийг нийслэлийн ИТХ-д өгөх асуудал яригдсан. Энэ асуудлыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад татаж авсан. Түгжрэлийн хуулийн төсөлд орсон бусад зохицуулалт батлагдана гэж найдаж байна.
– Ирэх оноос эхлэн авто тээврийн улсын үзлэгийг нэгдсэн байдлаар нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1-ны хооронд зохион байгуулдаг болно. Авто тээврийн улсын үзлэгийг чанаржуулна. Нөгөө талаар төлбөртэй бүс гэж байхгүй болж байгаа болохоор RFID системийг хэрэглэхэд зохимжгүй болж байгаа. Хөдөө орон нутгаас орж ирж байгаа RFID төхөөрөмжөөр нийслэлд хязгаартай зорчиход хяналт тавих байдлаар явж байна.
– Бид “ногоон” автобуснаас нэг ширхгийг ч хүлээн авахгүй гэдэг саналаа АТГ-д хүргүүлсэн. “Ногоон” автобусанд төлсөн мөнгөө буцаан авч, шинэ автобус худалдаж авна.