УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна. Энэ үеэр Орон нутгийн замын дээд хурдыг өөрчлөх эсэх асуудал хөндөгдлөө.
Зарим жолооч, зорчигчдын зүгээс орон нутгийн замд 80 км/цаг хурдтай явах нь удаан байна. Сүүлийн үеийн машин техникийн хүчин чадал өөрчлөгдсөн. Аль өнгөрсөн үеийнхээ дээд хязгаарыг өөрчлөх болсон гэдэг. Нөгөөтэйгүүр сайд дарга нар орон нутагт ажиллахаар явахдаа өөрсдөө 120-160 км/цаг хурдтай явдаг хэрнээ энгийн иргэдийг 80 км/цагаас хэтэрлээ гэж торгож байгаа нь буруу гэж шүүмжилдэг. Тэгвэл энэ асуудалд Тээврийн цагдаагийн албанаас УИХ-ын чуулганд хариулт өгч мэдээлэл өглөө.
Хамгийн сүүлд 2018 онд Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталсан. Үүгээр орон нутгийн замд 80 км/цагийн хурдтай зорчих дүрэм хэвээр мөрдөгдөж байгаа. Гэхдээ Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага тулгарсан гэдгийг судлаад ХЗДХ-ийн яаманд хүргүүлсэн. Дүрмүүдийг өөрчлөхөөр зохион байгуулалтын ажлыг төлөвлөж байгаа гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.