Энэ сарын сарын 13-нд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид байлдагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба ЦЕГ-аас өнөөдөр ар гэрийнхэнд нь цэргийн ангийн камерын бичлэгийг үзүүлэхээр болсон.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст амиа алдсан байлдагчийн аав, түүний өмгөөлөгч мэдээлэл өглөө.
Талийгаач Д-ийн аав У.Ганбат “Болсон процессийг ярьж байгаад л таарлаа. Бичлэг үзье гэхээр урт байна, амжихгүй байлаа. 20 орчим хоногийн бичлэг байна. Тиймээс би үзэхээс татгалзлаа. Ажил явдлын дараа бичлэгийг үзнэ.
Би камерын бичлэг, задлангийн хариу хоёрт л итгэж байна.” гэв.
Харин түүний өмгөөлөгч “Өнөөдөр албан ёсоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний аав У.Ганбат томилогдлоо. Мөн эхний мэдүүлгийг өгсөн. Цагдаагийн байгууллагаас камерын бичлэгт үзлэг хийх ажиллагаанд оролцох боломжоор хангасан.
ӨНӨӨДӨР КАМЕРЫН БИЧЛЭГИЙГ ҮЗЭХЭЭС ТАТГАЛЗЛАА. ЭНЭ НЬ БҮР ҮЗЭХГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ.
Шүүхэд шилжихийн өмнө энэ хавтаст хэрэгтэй бүгдтэй нь танилцана.
Өмгөөлөгчийн зүгээс 9 хүсэлт гаргасан. Ор хөнжил, өмсөж байсан хувцас, хумснаас бусад шинжилгээг авахтай холбоотой, цааш мөрдөн шалгах ажиллагаанд ач хологдолтой ажлуудыг хийж гүйцэтгэх хүсэлт тавьсан.
Мөн баримтуудыг сайн хадгалах, аюулгүй байлгах хүсэлт тавьлаа.” гэв.