Урт цагааны барилгыг нураахыг эсэргүүцэж, иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын гишүүн Ц.Уянга: Урт цагааны гудамжид байрлах барилгыг нураахаар хотын дарга санал асуулга авч байна. Асуулгаар Урт цагааны барилгыг нурааж ногоон байгууламж болгох эсвэл 16 давхар үйлчилгээний барилга барих гэх хоёр хувилбарыг тулгаж байгаа юм. Урт цагаан бол Улаанбаатар хотын анхны арилжааны гудамж байсан. Улаанбаатар хотын үндсэн өгөгдлийг ийнхүү нураах гэж байгаа нь аюул юм. Мөн Хотын дарга Х.Нямбаатар хотын өв болсон соёлын биет барилгыг нураах гэж буй нь аюул. МАН гарснаас хойш иргэдийн саналыг хамаарахгүйгээр соёлын өв болсон барилгыг нураадаг жишиг тогтлоо. Улаанбаатар хотын төлөвлөлт 100 жилийн ч нүүр үзээгүй байхад суурин соёлын өвийг эвдэж сүйтгэж байгаад харамсаж байна.
Нэгэнт иргэдээс санал авч байгаа бол дүр эсгэсэн, бодлогоо тулгадаг биш бусад хувилбарыг нэмэхийг шаардаж байна. Зөвхөн барилга барих эсвэл нураах бус үндсэн агуулгаар нь хөгжүүлж, сэргээн засаж, хадгалаад машины хөдөлгөөний хорьж, анхнаасаа л зорьсон жуулчны гудамж хэлбэртэй болгох ёстой.
Мөн Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Бид Хотын дарга Х.Нямбаатарт албан шаардлага хүргүүлсэн. Урт цагааны барилгыг сэргээн засварлах бүрэн боломжтой. Уг барилга нь монголын анхны модернист барилга юм. Бид Хүннү молл орж үзээгүй бол хүн биш гэж хэлдэг шиг Урт цагааны барилга бол социалист нийгмийн үеийн худалдаа үйлчилгээний нэгдсэн барилга. Урт цагааны гудамжид түүхэн барилгууд цогцолбор хэлбэрээр байрладаг. Баруун талаас нь эхэлбэл, 1936 онд баригдсан Шар дэлгүүр, 1948 онд баригдсан Туул ресторан, 1914 онд баригдсан Занабазарын музейн өндөр хөшөө гэх мэтчилэн цогцоор байрладаг” гэлээ.
Уг саналыг арваннэгдүгээр сарын 3-наас авч одоогийн байдлаар 2777 хүн саналаа өгснөөс 2658 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.