Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2023.10.31) хуралдаан 09 цаг 26 минутад 68.4 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайланг хуралдааны эхэнд сонссон бөгөөд энэ талаар Ц.Мөнхцэцэг гишүүн танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн хүсэлт, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Хүүхдийн эрхийг хамгаалах хангах асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын 2023 оны аравдугаар сарын 25-ны өдөр тус Байнгын хорооны 7 гишүүний ирцтэйгээр зохион байгуулсан байна. Сонсголд Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам болон ЗГХЭГ-ын Хүний эрхийг хангах үндэсний хороо, НЗДТГ, ЦЕГ зэрэг төрийн байгууллага, Улсын Их Хурал дахь АН, МАН-ын бүлэг зэрэг улс төрийн намын төлөөлөл, “Хүний эрх дэвшилт бодлогын хүрээлэн” ТББ, “Иргэн бол хүч” залуусын санаачилга, МУИС, Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэн, “Алтан гэрэгэ” хуулийн фирм, “Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв” ТББ, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” ТББ, Монголын идэрчүүдийн төв холбоо, “Учрал” төв, “Залуусын давлагаа” клуб, “Буяа Энд Партнерс” компани, Улаанбаатар их сургууль, “Өнөр бүл” хүүхдийн төв, “Хөөрхөн зүрх” ТББ, “Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл” ТББ, “Чандмань сэтгэл” төв, “Үжин” төв, “Боловсролын судалгааны арга зүйн төв”, Багануур дүүргийн АЭХ, Нийслэлийн АЭХ, “Граф нэтворк” ХХК-ий төлөөлөл, мөн иргэдийн төлөөлөл болсон 90 гаруй оролцогч оролцсон байна. Түүнчлэн сонсголын ажиглагчдын талаар танилцуулсан юм.
Үргэлжлүүлэн Ц.Мөнхцэцэг гишүүн сонсголын үеэр хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийн танилцуулсан илтгэлийн талаар, илтгэлүүдтэй холбогдуулан асуусан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, тэдгээрийн хариултын талаар дэлгэрэнгүй тайлагнав.
Хүүхдийн тусламжийн утас, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн эрхийн улсын байцаагч, нийгмийн ажилтан зэрэг тусгайлсан бүтэц байгуулан хүүхэд хамгааллын цогц үйлчилгээг Монгол Улс бий болгож, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа ч бүрэн дүүрэн хэрэгжихгүй байгааг сонсголын тайланд дурджээ. Байгууллага хоорондын болон хууль эрх зүйн уялдаа холбоогүй байдал нь үүнд нөлөөлж байгаа гэв. Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд, бусад оролцогчоос гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн дараах мэдээллийг Байнгын хороонд танилцуулав.
Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахад шаардлагатай мэргэжлийн тогтолцоог бүрдүүлэхэд гарч байгаа хүндрэлтэй асуудлыг судлан тогтоож, шаардлагатай бол хууль эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх замаар төрийн бус байгууллагуудтай хамтрах, гэрээлэх хэлбэрээр ажиллах талаар судлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахад нөлөөлж буй суурь шалтгааныг тогтоох; хүүхдийн бие бялдрын хүмүүжлийн асуудлаас гадна цахим хэрэглээ, оюуны боловсролын асуудалд нөлөөлөх арга хэмжээг бодлогын түвшинд тогтоож, үе шаттай арга хэмжээ авах шаардлагатай гэжээ. Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээллийг олгох, энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа, бусад арга хэмжээ зохион байгуулахад шаардлагатай эрх зүйн зохицуулалтын уялдааг хангах, үе шаттай арга хэмжээ авах шаардлагатай гэв. Хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай асуудлыг өргөн хүрээнд авч үзэж, цогц байдлаар шийдвэрлэх нь ирээдүйн улс орны нийгмийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн чанарын асуудалд нэн чухал болохыг сонсголын үеэр онцолжээ. Хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулсан төсвийн зарцуулалт, түүний үр дүнгийн талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсох шаардлагатай гэж үзжээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Ганбат нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх санал, санаачилгын хүрээнд хүний нөөцийн асуудлыг онцгой анхаарах талаар саналыг гишүүд хэлж байв. Ийнхүү Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайланг сонсож, тус тайлан болон хяналтын сонсгол явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ажлын хэсгийн танилцуулгыг хийв. Улсын Их Хурал энэ оны аравдугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 12 дугаар тогтоолоор байгуулжээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан нар ажиллажээ. Ажлын хэсэг нэг удаа, ажлын дэд хэсэг хоёр удаа хуралдсан байна. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулан, олон нийтийн саналыг авсан гэлээ. Ажлын хэсэг төслийг зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх найруулгын саналуудыг боловсруулжээ.
Насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хохирогчийг 18 насанд хүрсний дараа тоолж эхлэхээр, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийг өөрчлөн найруулахаар, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар тусгаж, Зөрчлийн тухай хуулиас торгуулийн шийтгэлийг хасах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох томьёоллыг боловсруулжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг бөгөөд Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон болон хуралдааны үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хасах зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил гаргаж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Ийнхүү төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр гишүүдээс гаргасан саналын дагуу эдгээр төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар ажиллахаар болов.
Хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар хэлэлцэж, Байнгын хорооны холбогдох тогтоолын төслийг баталсан юм. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан нар ажиллана.
Мөн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанаар хэлэлцэн, баталсан. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил энэхүү ажлын хэсгийг ахлах бол Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Г.Амартүвшин нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллана. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.