АН-ын гишүүд ногоон автобусны худалдан авалтын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрөгч Баасан гаригт АН-ын даргын тушаалаар ногоон автобустай холбоотой ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийн даргаар Ц.Уянга, гишүүдээр АН-ын гишүүн Л.Ганхөлөг, Д.Монголхүү, Ж.Энхбат, Н.Батзаяа нар багтжээ.
Ажлын хэсгийн дарга Ц.УЯНГА:
-Ногоон автобусны дуулиан дарагдаагүй байхад шинээр 700 автобусны парк шинэчлэлийг Хотын дарга Х.Нямбаатар ярьж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор ард иргэдийн хүсч буй асуултад нэг ч хариулт байхгүй хэр нь дараагийн худалдан авалтыг нэн яаралтай журмаар явуулж байгаа нь асар том гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэх хардалтыг төрүүллээ. Тиймээс АН-ын зүгээс эхний асуудлыг тодорхой болгож, хууль эрх зүйн хариуцлага болон улс төрийн хариуцлагыг эрх баригчдад сөрөг хүчний хувьд шаардлага тавих ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хугацаанд зөвхөн ногоон автобус биш цар тахал нэрийн дор маш их хэмжээний мөнгийг үйл ажиллагааны хувьд алга болгосон. Жишээ нь цар тахлын төсөв гэхэд 22 их наяд хаашаа явсныг нь тайлагнаж чадахгүй байна. Эрх баригчид асуудлыг замхруулна гэж бодож байвал эндүүрэл. Цар тахлын сонсголыг зохион байгуулахыг эрх баригчдаас нэхэж байгаа. Гэтэл өвөл болж байхад иргэд явган нүцгэн, хөлд дүүжлэх унаагүй байгаа гэх нэрийдлээр дараагийн 700 автобусыг урьд өмнө нь хийсэн бусармаг аргаар худалдан авалт хийх гэж байна. Эхнийх нь Д.Сумъяабазар ногоон автобусыг хууль бусаар нууцын зэрэглэлд оруулан ард иргэдийг төөрөгдүүлэн залилангийн маягаар луйвардаж, ҮАБЗ-ийн нууцад оруулж 600 автобусны гэрээ байгуулсан гэж мэдэгдсэн.
Тиймээс МАН-аас Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг албан тушаалаас нь огцруулж асуудлыг замхруулж байгаа юм байна” гэлээ.
Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар хоёр зуузай холбосон морьд шиг л хамтарсан улс төр хийж явсан. Х.Нямбаатар Хууль зүйн сайд хийж байхдаа парк шинэчлэлтийн 600 автобусыг Засгийн газраар батлуулаад явж байхад хараагүй, хянаагүй, ойлгоогүй өнөөдөр гэнэт сэрж байгаа юм шиг ярьж болохгүй. АТГ шалгаж байгаа гэх нэрийдлээр иргэдийг төөрөгдүүлж байна.
Маргааш гурван үндсэн шаардлагыг Улаанбаатар хотын захирагчид тавина. Үүнд 600 автобусыг худалдан авсан гэрээг ил болгох, мөн 100 автобусны төлбөрийн даалгавар мөнгөн гүйлгээг ил тод болгох. Гуравдугаарт, энэ автобуснууд Монголд орж ирээд буцах эзэнгүй болчихоод байгаа юм бол гаалийн бүрдүүлэлтийг ил болго. Мэдээллийг ил болгохгүй бол ирэх Лхагва гаригаас /2023.11.02/ эхлэн Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулна.
Мөн тэрбээр “100 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээг Засгийн газрын тэргүүн мэдэхгүйгээр даалгавар батлаад, Монголбанк анзаарахгүйгээр шилжүүлээд явдаг зүйл байхгүй. Энэ асуудлын цаана МАН ын бүлэг эдийн засгийн луйвар хийж байна. Төсвийн хуулийг буруугаар ашигласан хүмүүстээ эрх зүйн хариуцлагыг нь хүлээлгээд шалгаач гэхээр дараагийн хүнийг томилж оруулж ирж, хэргийг дарах хандлагатай явж байна. Х.Нямбаатар, Д.Сумъяабазар хоёр зуузай холбож, Сонгинохайрхан дүүргээс хоёроос гурван ч удаа сонгогдсон.
Х.Нямбаатрыг Хууль зүйн сайд байхад Засгийн газраар 600 автобусны парк шинэчлэлтийн асуудлыг батлуулаад явж байхад хараагүй, хянаагүй мэтээр, өнөөдөр сэрж байгаа юм шиг ярьж болохгүй. Одоо хотын дарга болж орж ирчихээд АТГ шалгаж байгаа учраас учрыг нь олно гэдэг байдлаар дараагийн тендерээ зарлаж байгаа нь иргэдийг төөрөгдүүлж байна. Өмнө гаргасан алдаагаа дахин гаргаж байна.
Парк шинэчлэх гэж байгаа юм бол зураг төсөл, тооцоо судалгааг нь хэзээ баталсан юм. Эхний алдагдсан 318 тэрбумын асуудлаа шийдээгүй байж, тэр мөнгөний эх үүсвэрийг хаанаас гаргах гэж байгаа юм. Түрүүчийн хууль бус автобус худалдан авалтын гэрээтэй холбогдуулж сайд асан Ж.Сүхбаатар гэдэг хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгуулж байгаа асуудал байдаггүй. Энэ мэт үйлдэл нь өмнөх хулгайг хүчээр сарниулаад дараагийн хулгайг хяналтгүйгээр явуулах санаархал гаргаж байна. Иймээс өмнөх бүлэглэсэн зохион байгуулалттай гэмт хэргийн асуудлыг шийдэхгүйгээр дараагийн асуудлыг шийдвэрлэнэ гэж байхгүй гэлээ.