Дипломат алба нь Монголын гадаад бодлогыг гадаадад хэрэгжүүлэх, сурталчлах институт. Хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дипломат төлөөлөгчдийн газрууд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хуульд зааснаар дипломат төлөөлөгчдийн газрууд төрийн тусгай алба болсон. Энэ утгаараа уг нь улс төрөөс, улстөрчдийн шахаа, шантаажаас ангид байх учиртай. Авчиг Монголын дипломат албанд мэдлэг чадвар, мерит зарчимаас илүүтэй “даабль стандарт” гэх ганцхан шалгууртай болсон. Үндсэндээ, манай дипломат албанд “Гахай илүү тэгш эрхтэй”.
1.
Өмнө нь, Үндсэн хуулийн Цэц улс төрийн карьер нь дууссан гишүүн аснуудын цалинтай амралтын газар байлаа. Улс төрөөс шахагдсан “асан”-ууд албан тушаалдаа үлдэхийн тулд хэн эрх мэдэлтэй байна, түүнд үйлчилж, Үндсэн хуулийг зарж иддэг нь гашуун хийгээд бодит үнэн. Манах ёстой Үндсэн хуулиа машинаар зарчихсан тохиолдол хүртэл бий.
Тэгвэл өдгөө Монголын дипломат алба улс төрийн жийгдэгсдийн үүр овоохой, шагнал, урамшуулалд өгдөг самбай хадаг болжээ. Улс орны алтан аргамж, аюулгүй байдлын хар хайрцагны бодлого энэ тэр нь алдагдаад “алга” болчихсон. Очсон улсынхаа ёс заншлыг мэдэх нь байтугай хэл усыг нь ч гадарлахгүй шахуу хүмүүс осолдохгүй л нэг “мануухай” хийгээд суудаг байх.
Дипломатууд өдөр тутмын үйл ажиллагааны явцдаа улс орныхоо тусгай албанд хэрэгцээтэй мэдээллийн 80 орчим хувийг хуулийн хүрээнд цуглуулдаг. Ийм мэдээлэл цуглуулахын тулд мэргэшсэн, мэргэжлийн хүн байх ёстой.
Атал Монгол Улс дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогод голлон нөлөөлдөг АНУ-д суух Элчин сайдаар мэргэжлийн дипломатч бус мөнгөтэй аялагчийг томилох жишээний.
Улс төрийн карьер нь дуусч, хуульд заасан тэтгэврийн насандаа хэдийнэ хүрсэн УИХ-ын гишүүн аснуудыг Элчин сайдаар томилдог нь бараг шахуу бичигдээгүй хууль болсон. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Н.Энхболд Хятадад, Ө.Энхтүвшин ОХУ-д Элчин сайдаар сууж байгаа. У.Хүрэлсүхэд “үнэнч”-ээр зүтгэснийхээ хариуд Лу.Болд Бельгийн Элчин сайдаар томилогдсон. Гэх мэт мэргэжлийн бус томилгоо нь Монголын дипломат албны том эрсдэл нь болсон.
Нэн ялангуяа Монголыг тойрсон их гүрнүүдийн геополитик эмзэг хийгээд эрсдэлтэй нөхцөлд “сайн дур”-ынханд гадаад бодлогоо харицуулах нь өөрөө гадаад бодлогын том алдаа болно. Дипломат бодлого хэрэгжүүлнэ гэдэг нь хууль тогтоогч нэрээр хулгай, луйвар хийхээс өөр юм.
Монгол Улс хойноо зэр зэвсгийн, урдаа худалдааны дайнтай байна. Ийм үед гадаадад гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэх хүн хэн бэ?! гэдэг нь улс орны аюулгүй байдал талаасаа нэгд эрэмбэлэгдэх асуулт мөн. Хувь хүний эзэмшсэн мэргэжил, мэргэшил мөн итгэл үнэмшил хийгээд үнэт зүйл ч өнөөдрийн нөхцөлд анхаарах асуудал, тавих шалгуур болох ёстой.
2.
Жийргэвч хийгээд жижиг улсын аюулгүй байдлыг гадаад талдаа хамгаалах үүрэгтэй ганц субьект нь дипломат төлөөлөгчийн газар гэвэл…! Тэр тусмаа дэлхийн дэг журам өөрчлөгдөж, олон улсын геоулстөрийн байдал ширүүсч, цөмийн зэвсгийн аюул улс орны анхаарлын гол сэдэв болчхоод байхад дипломат албыг дээгүүрээ, хоёр гуравхан хүн хуваагаад хуваарилах нь ихээхэн эрсдэлтэй.
УИХ-ын сонгуулийн дараа гурван намаас бүрдсэн Засгийн газар байгуулагдсан. Л.Оюун-Эрдэнийн урилгаар засагт хамтарсан АН, ХҮН намын дарга нар найман жил “өлөн хоосон” явсан намын гишүүдээ хэрхэн хоолтой нь залгуулах вэ гэсэн хэцүүхэн асуудалтай л суугаа. Мэдээж, МАН, АН, ХҮН хамтарсан засаг байгуулж байгаа нь ял, ямба хамтарч хуваана гэсэн үг.
Тиймээс олон улсын харилцаа хямралтай, нэн төвөгтэй хүнд үед том агуулгаараа гадаад харилцаанд мэргэжлийн, мэргэшсэн томилгоо хийх ёстой. Монголын ардчилал, аюулгүй байдлын баталгааг гадаад бодлого хангадаг.
Иймээс ирэх 2025 онд хийх Элчин сайдуудын томилгоонд “Гахай илүү тэгш эрхтэй” гэж хандаж, хайрцаглаж болохгүй. Улс үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах гадаад бодлогын зорилгоо тодорхойлоход гадаад томилгоо нэн чухал.
Атал Үндсэн хуулийн Цэцийн дарга байхдаа, онгоцны үйлчлэгчийн биед халдсан хэрэгт нэр холбогдож, дэлхий даяар Монголыг шившиглэхэд хүргэж явсан Д.Одбаярыг Хонгконгийн Ерөнхий консулаар суулгахаар шийдвэрлэсэн нь гадаад талдаа маш муухай мессеж болж хүрнэ. Очиж, очиж секс скандалчин Монголыг төлөөлнө гэдэг нь гадаад улсдаа ч байж боломжгүй доромжлол. АН-ын гишүүн Ц.Жадамбааг Бусаны Ерөнхий консулаар, ХҮН намын н.Лхагвадоржийг Эрээний консулаар томилсныг мэргэжлийн томилгоо мэдээж биш.
АН-аас С.Эрдэнэ, Ш.Жандос, Ц.Одонтунгалаг, Д.Эрдэнэбат, М.Буяндэлгэр нарыг Элчин сайд болон консулаар томилохоор засагт хамтарсан улс төрийн намын дарга нар хэдийнэ ярьж тохирсон байна.
Харин МАН-аас УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэлийг Монгол Улсаас Туркт суух Элчин сайдаар томилох нь нэгэнт тодорхой болсон аж. УИХ-ын гишүүн асан Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг нарын аль нэгийг нь Германд суух Элчин сайдаар томилох сурагтай. Мөн шинээр томилогдох Элчин сайдуудад Б.Жаргалмаа, Д.Оюунхорол, Ц.Мөнх-Оргил, Ц.Цэрэнпунцаг нарын нэрс яригдаж байгаа аж. Гээд УИХ-ын гишүүн асан Г.Мөнхцэцэг Германд суух Элчин сайдаар томилогдлоо гэхэд шүлэг уншихаас өөрөөр Монголын эрх ашгийн төлөө чухам юу хийх вэ гэдэг нь бодох л асуудал.
Улс төрийн намууд албан тушаалаа яаж хуваах нь, хэн, хэнийгээ дарга, цэрэг болгох нь тэдний хэрэг. Гэвч ядаж Монголын нэр нүүрийг барчихгүй, баастахгүй хүмүүсээр гадаад бодлого хэрэгжүүлэх ёстой.
МАН-д гэхэд Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Гадаад харилцааны дэд сайд асан Б.Мөнхжин, АН-аас С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, М.Чимэддорж нарын Монголын гадаад бодлогыг хэнээс ч илүү хэрэгжүүлээд явчих мэдлэг, чадвартай хүмүүс Монголд байхгүй биш байна.
Дашрамд анхааруулахад, дипломат албаны томилгоо Монголын хар хайрцагны бодлоготой уялдаж байх учиртай. Хар хайрцагны бодлогоо хар захын худалдаа болгох нь Монгол муу дээрээ муухай л харагдана!