Баттулга яагаад орон нутгийн сонгуулиар нийслэлд хүч хаясан шалтгаан нь цэвэр Ерөнхийлөгч сонгууль байсан.
Тийм хогийн нэр дэвшүүлэлт хийсэн тул ялагдах нь ойлгомжтой. Гэхдээ энэ ялагдал нь Х.Баттулгад нэмэлт оноо болно гэдгээ дэндүү сайн мэдэж байсан учраас л “ачаа үүрч” өөрийгөө харуулсан хэрэг.
Лу.Гантөмөр МАН-тай хамтарчихсан учраас орон нутгийн сонгуулиар хамраа ч цухуйлгахгүй гэдгийг мэдэж байсан. Номын дагуу АН-ын дарга Лу.Гантөмөр орон нутгийн сонгуулиар “хөнжлөөсөө” цухуйсангүй. МАН-ыг цөм цохиж үзүүлдэггүй юм аа гэхэд намынхнаа цөм дэмжиж харуулсангүй. Ингээд Женко нам дотроо нөлөөгөө бэхжүүлэх ажлаа эрчимжүүлж байгаа юм.
“Намын дарга маань сандал суудлын төлөө хамтарчихаад намаа дэмжсэнгүй” гэж баахан гомдогсод сонгуулийн дараа баахан цамнаж эхэллээ. Энэ л Женкогийн тооцоолсон өрөг, зураг.
Бүр нийслэлийн дарга Батцогт нь “Унавал Гантөмөртэй хамт унана шүү” гэж санаа зорилгоо шууд илчилсэн. Ингээд Женкогийн баг нийслэлийн сонгуульд ялагдсан ч нам дотроо ялалт байгуулж байгаа нь тэр.
Өөрөөр хэлбэл, тэр дахиад л яллаа. Төмөр зам дээр Монголоо ялсан. Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан, ямар ч хамаагүй үнэ цэнээр өргөн царигтай төмөр зам барих мөрөөдөлдөө ялсан. Одоо нам дотроо дахиад л ялах гэж байна. Лу.Гантөмөрт одоо нэг бол Т.Батцогттой хамт огцрох, үгүй бол нийслэлийн намыг Женкод мөрөөр нь үлдээх гэсэн хоёр муу сонголт л үлдлээ.
Хэрвээ нам доторх гомдогсод нь Х.Баттулгын залуустай зэрэгцэн босвол түүний суудал жинхэнээсээ хэцүүхэн байдал орно. 180 мянган гишүүнтэй АН-аас өнөөдөр ердөө 8 хүн л сайдын суудалд суусан. Цаана нь цэвэр 179,992 гишүүн нь хоосон хэвтэж байгаа. Хамгийн гачлантай нь УИХ-ын гишүүн болсон хэд нь ч гэсэн өөрсдийгөө хоосон үлдэгсэд гэж дотроо бат итгэж яваа шүү дээ.