“Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”, “БНСУ-ын дрон хөгжүүлэгчдийн холбоо” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. ЦХИХХЯ тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсад дронтой холбоотой хууль, эрх зүйн орчныг бий болгоход хамтрах, энэ чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, дроны технологи, ноу-хау болон холбогдох мэдээллийг харилцан солилцоход бодлогын түвшинд дэмжиж ажиллана.
Ц.Баатархүү сайд “Монгол Улсад шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нутагшуулах зайлшгүй хэрэгцээ бий. Тэр дундаа, Засгийн газраас дрон хөгжүүлэх чиглэлд анхаарч, дроны тусгай бүс байгуулахаар болсон. Энэ чиглэлээр гурван ажлыг хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт Дроны хуулийг УИХ-ын хаврын чуулганаар батлуулах, хоёрдугаарт, дрон нисгэх оператор бэлтгэх, сургах, гуравдугаарт, хөдөө аж ахуй, байгаль хамгаалах, хүргэлтийн чиглэлд дрон нэвтрүүлэхээр зорьж байна. Өнөөдөр байгуулсан санамж бичиг нь технологийн салбарт шинэ түүхийн хуудсыг эхлүүллээ” гэдгийг онцлов.
Мөн “Блью скай дрон” болон “Сандори дрон” компаниуд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Монгол Улсад дрон үйлдвэрлэх, хөгжүүлэхэд БНСУ-ын технологийг нэвтрүүлэх юм.
БНСУ-ЫН ТЕХНОЛОГИОР МОНГОЛД ДРОН ҮЙЛДВЭРЛЭНЭ
“Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”-ны УЗ-ийн дарга Б.Мөнхболор “Ирэх хавраас Монголын нөхцөлд тохирсон 5 төрлийн дрон үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, байгаль орчин, хөдөө аж ахуй, алсын зайн, сургалт, онцгой байдлын дрон үйлдвэрлэнэ. БНСУ-ын технологийн ноу хауг нэвтрүүлж, -25-35 хэмд ажиллах 20-30 кг даацтай дроныг үйлдвэрлэхээр төлөвлөсөн” гэдгийг дурдав.