Цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2024 оны нэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд бүртгэгдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө.
Өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэргийн дуудлага 5.6%, зам тээврийн ослынх 11.7 хувиар өссөн бол зөрчлийн дуудлага мэдээлэл 4.2 хувиар буурчээ.
ЦЕГ-ын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одонбаатар “Шинэ жилийн баярын өдрүүдэд улсын хэмжээнд 6,036 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн 247, зөрчлийн 3,030, зам тээврийн ослын 2,459 байна. Эдгээрийн өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэргийн дуудлага 5.6%, зам тээврийн ослынх 11.7 хувиар өссөн бол зөрчлийн дуудлага мэдээлэл 4.2 хувиар буурсан.
Өмнөх онд хүний амь нас хохирсон гэмт хэрэг 35 бүртгэгдэж байсан бол энэ онд 48 хэрэг бүртгэгдсэн, дээрэмдэх гэмт хэрэг гурав бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс өссөн байна. Харин хулгайлах гэмт хэрэг 47 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс буурчээ.
Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг 61, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг ес бүртгэгдэж, өссөн.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэмт хэрэг 15 бүртгэгдэж, өссөн үзүүлэлттэй. Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон хэрэг бүртгэгдээгүй, гэмтсэн иргэдийн тоо 16 байна.
Баярын өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн хүн 425 буюу өмнөх оноос 109 хүнээр буурсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн 53-аар буурсан” хэмээн мэдээллээ.
Хүүхдийн хичээл сургууль амарсан тул эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, цахилгаан хэрэгсэл, цонхны түгжээгээ шалгаж байхыг зөвлөв.