УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй мэтгэлцэхээр болсоноо өчигдөр зарлав.
Энэ талаар тэрбээр, “Энэ баасан гариг буюу 10-р сарын 25-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл хийх үеэр Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар сөрөг хүчнээ төлөөлж 20 мин мэтгэлцэхээр боллоо. Хоёр талын микрофоныг 20 мин турш нээж ярилцах юм байна. Иргэдээс ирсэн асуултыг асуух хүрээнд явагдаж АН-ын бүлгийн гишүүд бас асуулт асуух дэгтэй ажээ” хэмээжээ.
Тэгвэл парламентын түвшинд болох мэтгэлцээнийг ямар хуулиар зохицуулдаг, хуульд хэрхэн тусгасан байдаг вэ.
Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийдэг. Тодруулбал, Хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар. Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цөөнхийн төлөөллөөс 25 минутал багтаан үг хэлж, асуултаа асууна гэсэн үг аж.
Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйл, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх тухай заалтаар,
- 112.5.Нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд 25 минутад багтаан мэдээлэл хийх бөгөөд Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн төлөөлөл 25 минутад багтаан үг хэлнэ.
- 112.6.Энэ хуулийн 112.5-д заасны дагуу Ерөнхий сайд мэдээлэл хийж, цөөнхийн төлөөлөл үг хэлсний дараа цөөнхийн төлөөлөл тус бүр Ерөнхий сайдаас асуулт асууж, үг хэлж болох бөгөөд асуулт асууж, үг хэлэх хугацаа 3 минутаас, хариулт өгөх хугацаа 5 минутаас тус тус хэтрэхгүй.
- 112.7.Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах, үг хэлэх нийт хугацаа 1 цаг 30 минутаас хэтрэхгүй.
гэсэн заалтын дагуу явагдах юм байна.
Харин УИХ-ын чуулганы хуралдаанаар мэтгэлцээн явуулбал дараах хуулийн зохицуулалтаар явагддаг.
Монгол Улсын Их хурлын тухай хуульд,
- 21.20.Нам, эвслийн бүлгээс хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцээн явуулах шаардлагатай гэсэн санал гаргасан бол чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх үе шатанд мэтгэлцээн явуулна.
- 21.21.Энэ хуулийн 21.20-д заасан тохиолдолд болон бусад үед мэтгэлцээн явуулах журмыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгээр тогтооно.
Мөн Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл дэх мэтгэлцээн явуулах ерөнхий журмаар,
- 11.2.Мэтгэлцээн явуулах талаар нам, эвслийн бүлгээс ирүүлсэн санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Байнгын хороо хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн дараах үе шатанд мэтгэлцээн явуулна:
- 11.2.1.хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх үе шатанд төслийн үзэл баримтлалын хүрээнд;
- 11.2.2.хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үе шатанд төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар энэ хуулийн 39.14-т заасны дагуу ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хүрээнд.
- 11.3.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.20-д заасны дагуу нам, эвслийн бүлгээс нэгдсэн хуралдаанаар төслийн талаар мэтгэлцээн явуулах шаардлагатай гэсэн санал, дүгнэлт гаргасан бол нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх үе шатанд төслийн үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцээн явуулж болно.
- 11.4.Энэ хуулийн 11.2, 11.3-т заасан тохиолдолд тухайн нам, эвслийн бүлгийг төлөөлж мэтгэлцээнд илтгэх гишүүнийг тухайн нам, эвслийн бүлэг томилж, нэрийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид ирүүлсэн байна.
- 11.5.Илтгэгч гишүүн мэтгэлцэх шаардлага, үндэслэлээ 10 минутад багтаан танилцуулж, нам, эвслийн бүлгийн байр суурийг илтгэнэ.
- 11.6.Мэтгэлцээнд гишүүд, хууль санаачлагчаас гадна тухайн салбарын эрдэмтэн, судлаачдыг байлцуулж болох ба гишүүд, хууль санаачлагч, бусад оролцогч баримт, нотолгоонд суурилсан, үнэн, бодитой мэдээлэлд тулгуурлаж асуулт асууж, хариулт өгч оролцоно.
- 11.7.Хуралдаан даргалагч мэтгэлцээний үргэлжлэх хугацааг тухайн хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслийн цар хүрээнээс хамаарч 2 цагаас илүүгүй байхаар тогтоох бөгөөд гишүүдэд саналаа чөлөөтэй илэрхийлэх, хууль санаачлагч болон илтгэгч гишүүнээс асуулт асуух боломж олгоно. Шаардлагатай тохиолдолд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар мэтгэлцээнийг 1 хүртэлх цагаар сунгаж болно. Мэтгэлцээн дуусмагц хуралдаан ердийн дэгээр үргэлжилнэ.