Орон нутгийн сонгууль дуустал хэлээ хазаж суусан АН-ынхан хэлд орж Гантөмөр даргаа огцруулах талаар ярьж эхлэв. Харамсалтай нь АН-ыг даргаа солих уу, үгүй юу. Гантөмөрийг үлдээх үү, үгүй юу гэдгийг Бидон, Амгаа тэргүүтэй Ардчилсан намын гишүүд мэддэг юм биш. Энэ эрх мэдлийг аль эрт МАН-д худалдаад идчихсэн.
Товчхондоо, МАН-д Гантөмөр хэзээ хэрэггүй болно тэр цагт л АН-ын тогоог хөмрөнө. Наана нь мянга чарлаад ч нэмэргүй. Сая сонгуулийн дараа намаа авч үлдэхийн тулд л Оюун-Эрдэнийн хамгаалалт руу шургаж, хамтарсан засагт орсон. Яахав үүнийгээ улс орны төлөө, мөлөө гээд сайхан худлаа тайлбарлах л биз. Эрх ашгийн эрэмбэ нь үнэхээр улс орны төлөө байсан юм бол АН-ыг МАН-ын дагуул нам болтол нь дагаар оруулахгүй байсан юм. Яг амьдрал дээр үгүй. Та нарын яриад байгаа тэр 14 төсөл чинь тийм ч амар урагшлахгүй. Баахан хулгай зэлгийд ороод л дуусна. АН-д итгэсэн учраас гэж матарын нулимс унагаад л хоцорно.
АН-ыг тогтворгүй, хэрүүлтэй, эв түнжингүй харагдуулах нь эргээд ардчиллыг мөн чанарыг үгүйсгэж буй далд явуулга шүү дээ.
Хүн тойрч биш үзэл санаа тойрч явахгүй бол эргээд муу нэр луу данстай л үлдэнэ шүү Лу дарга аа. Одоо ч гэсэн МАН-ыг царайчилж, тэднээс эрх мэдэл олох гэсэн хэдэн нөхдүүд намын даргын сандал суудалд дурлаад гүйж яваа гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна.
АН-ынхан ер нь нэгнийгээ огцруулах, унагах, намын даргаа томилох, сонгуулийн нэр дэвшүүлэлтээ хийх, гүтгэх, гутаан доромжлох, шоронд хийхээ хүртэл МАН-ын зөвшөөрөл, тусламжтайгаар хийсээр ирсэн шүү дээ.