Нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 40-ийг нь МАН авч илт илүүрхэв. Харин АН хөдөөд ахиу санал авч, долоон аймагт ялав. Хамгийн хачирхалтай нь МАН-ын дарга нарын тойрог цэнхэртлээ. Тодруулбал,
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн тойрог Говь-Алтай аймагт АН ялалт байгууллаа.
Тус аймагт АН 18, МАН 11 суудал авсан үнэмлэхүй дүн гарав. Орон нутгийн сонгуульд анх удаа “цэнхэртэж” байгаа нь энэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын сонгогдсон тойрог Хэнтий, Сүхбаатар аймагт АН ялалт байгуулав.
Хамгийн өрсөлдөөнтэй сонгууль Хэнтийд явагдлаа гэж хэлж болно. Тус аймагт АН 18:17-ын харьцаатайгаар олонх болсон юм. Ингэснээр Ерөнхийлөгч, ерөнхий сайдын нутаг цэнхэртсэн түүхэн явдал болов. Харин Сүхбаатар аймагт АН 2004 оноос тасралтгүй ялалт байгууллаа. Энэ удаагийн сонгуульд 29 суудлын 20-д нь Ардчилсан намын нэр дэвшигчид олонхийн санал авсан.
ЗГХЭГ-ын дарга Н.Учралын тойрог Сүхбаатар дүүрэгт АН яллаа.
Сүхбаатар дүүрэгт АН 23 суудал авсан ч дөрвөн жилийн өмнөхөөсөө буурч, МАН-ын суудлын тоо нэмэгдсэн. Өмнөх сонгуулиар тус дүүрэгт АН 26, МАН таван суудал авч байсан бол энэ удаад МАН-ын 12 нэр дэвшигч ялалт байгуулав. НИТХ-ын сонгуульд ч дөрвөн мандатын хоёрт нь АН ялсан нь хамгийн өндөр амжилт болжээ. Ардчилсан нам ердөө ганцхан дүүрэгт ялалт байгуулж, засаг даргаа сонгох болсон нь тус дүүрэг. АН 2012 оноос хойш тасралтгүй ялж байгаа гэдгээрээ онцлогтой.
У.УЯН