“Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явсангүй” гэдэг билүү. Нэг тиймэрхүү дүр зураг, төстэй үйл явдал АН-д тохиолдоод байна.
Өнгөрөгч баасан гаригт болсон Нийслэлийн АН-ын хорооны даргыг сонгох сонгуульд НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн Т.Батцогт олонхийн саналаар ялжээ. Гэвч уг сонгуулийн дараа АН-аас гарах, тэр байтугай Монголоос явах хүсэлтэй АН-ын гишүүдийн тоо эрс нэмэгдэв. Өөрөөр хэлбэл, Т.Батцогт нь АН дахь “ЖАН” франкци буюу Женко Х.Баттулгын хүн юм гэнэ ээ.
Харамсалтай нь, нийтэд ил тод, олон нийтийн анхаарлын төвд болж өнгөрсөн сүүлийн хоёр ч удаагийн сонгуулийг АН-ын дарга Л.Гантөмөр “Нэр дэвшигчдэд намын зүгээс ямар нэг шалгуур тавихгүй. Дуртай нь нэрээ дэвшүүлээд, ажиллаж чадсан нь гараад ир. Энэ бол ардчилал” хэмээн мэдэгдсэн билээ.
Энэ дагуу өмнө болсон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргад долоон бүсгүй нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн. Тэр үед ч бас л АН-ын эмэгтэй гишүүдийн дунд “Женко ба бусад” гэдэг өрсөлдөөн явсан. Харин сая болсон Нийслэлийн АН-ын хорооны даргын сонгуульд үе чацуу гурван залуу өрсөлдөв. НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Бадарсан, Т.Батцогт, М.Тулгат нар. Эндээс Нийслэлийн АН-ын хорооны гишүүдийн олонхийн саналыг авч сонгогдсон нь Т.Батцогт.
Харин бусад бүлэг, фракциуд нь ирэх 2024 онд болох УИХ, орон нутгийн сонгуульд гол үүрэгтэй нийслэлийн намаа “Женко” Х.Батттулгад алдсандаа бухимдаж, “боож үхэж, бор шидмэс хайж” байна. “Женко” улс төрөөс явсан ч Ардчилсан нам “Женко”-гоос явж чадсангүй ээ.
Нийслэлийн АН-ын хорооны даргын сонгуультай холбоотойгоор энэ зураг өнгөрөгч долоо хоногийн хамгийн их үзэлттэй зураг болов.
Б.ЗАЯА