“Контент зохиогчийн эрхийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр /2023.10.27/ боллоо. Цахим орчинд зохиогчийн эрхтэй холбоотой, оюуны өмчийн эрхийн зөрчсөн кино, контентууд түгээгдсээр байгааг хэрхэн шийдвэрлэх талаар кино, контент бүтээгчид хэлэлцсэн юм. “Фантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамираас оюуны өмчийн хамгаалалтын талаарх эрх зүйн зохицуулалтууд, үүнийг сайжруулах талаар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
-Хэлэлцүүлгийн үеэр оюуны өмч алдагдсан тохиолдолд бодит үнэлгээ хийх боломжгүй байгаа тухай хөндөж байна. Та уран бүтээлч хүний хувьд ямар бодолтой байна вэ?
-Оюуны өмч бусад бараа бүтээгдэхүүнээс илүү содон бүтээгдэхүүн. Тэр санаа гарч, олон нийтэд хүрэхийн өмнө хамгийн үнэ цэнтэй зүйл. Контент гараад үзэгчдэд дөнгөж хүргээд байтал хулгайд алдчихаар эргээд тэрийг хянах ямар ч боломжгүй болдог.
Оюуны өмчөө алдлаа гээд мэргэжлийн байгууллагад хандахад “тэрэнтэй уулз, ингэ тэг” гэсээр байтал маш их хугацаа алддаг. Нөгөө талаар оюуны өмч нь биет бус үнэлэгдэшгүй зүйл гэж манайхан яриад байна л даа. Магадгүй уран бүтээлч биш учир, би бас хуульч хүн биш учир сайн ойлгохгүй байж болох юм.
Жишээ нь камер гэхэд тэрбумын үнэтэй ч байна. Магадгүй тэрбум төгрөгийн ашиг олох санаа, оюуны өмч байхыг үгүйсгэхгүй. Гэтэл тэрийг үнэлж чадахгүй гэж байна л даа. Хэрэв үнэлж чадахгүй гэж байгаа бол тухайн уран бүтээлийг хийхэд гаргасан зардлыг төлүүлэх ёстой. Бүгд гэрээ, татвар төлөөстэйгээ байгаа баримтад үндэслэн, мөн тэр бүтээлийг үзэх байсан алдагдсан боломжийн тодорхой хувийг хууль эрх зүйн зохицуулалтдаа тааруулаад төлүүлэх боломжтой мэт харагдаж байна.
Жишээ нь “Байтаг Богд”-ыг кино театрт гарч байхад алдсан. Тэр нь интернэтэд тавигдаж, CD болж зарагдсан.
Оюуны өмчөө үнэлэхгүй байвал хулгайн асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Хэрэв оюуны өмчийг үнэлж чадахгүй юм бол Монголд Оюуны өмчийн газар байх хэрэг байна уу. Оюуны өмч ямар үнэ цэнтэй мэдвэл, хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь тодорхой байвал хулгайд тодорхой хэмжээгээр хязгаарлагдана гэж бодож байна.
-Танай багийн уран бүтээлүүдийн хувьд хулгайгаар цахим орчинд тавигдсан тохиолдол бий юү?
-Бидний хийсэн бүх уран бүтээл IPTV, OTT-д тавигдаад л алдагддаг. Бид ч гэлтгүй Монголын бүх уран бүтээлчид бүтээлээ алддаг. Өндөр технологи хөгжсөн эрин зуунд хулгайн асуудлыг шийдэж чадахгүй байгааг ойлгохгүй юм.
700-800 сая төгрөгийн өртгөөр кино хийнэ. Жишээ нь “Байтаг Богд”-ыг кино театрт гарч байхад алдсан. Тэр нь интернэтэд тавигдаж, CD болж зарагдсан. Бид хариуцлага хүлээлгэх гэж хууль дүрмийнх нь дагуу асуудлыг тавьсан. Гэтэл оюуны өмчийн маргааныг Зөрчлийн хуулиар шийддэг. 500 мянган төгрөгөөр торгодог заалттай. Тэр торгуулийг нь улс авчихдаг. Уран бүтээлч бидний хохирол, алдагдсан боломжийг нөхөх шийдэл, зохицуулалт хэрэгтэй байна.
-“Контент, зохиогчийн эрхийн асуудал” сэдэвт энэ хэлэлцүүлгээс та ямар үр дүн хүлээж байна вэ?
-Оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулаасай, асуудлыг шийдвэрлэх зохицуулалт нь маш тодорхой болох ёстой. Оюуны өмчийн эмзэг содон онцлогт байдалд нь тусгай зохицуулалт хиймээр байгаа юм.
Хэлэлцүүлэгт суугаад оюуны өмчийн зөрчлийг шийдвэрлэх зохицуулалт хэдэн байгууллага дамжсан олон шат дамжлагатай ажил гэдгийг бүр сайн ойлгож байна. Тэгж цаг алдсаар байтал оюуны бүтээл нээлттэй болж, удах тусам бүтээл улам үнэгүйддэг. Тиймээс оюуны өмч бол онцгой, содон зүйл гээл байгаа хэрэг.
Ямар нэг эд зүйлээ алдлаа гэхэд жилийн дараа олж болно. Энэ хугацаанд тэр бүтээлийн үнэ цэн алдагдахгүй. Харин оюуны бүтээл нээлттэй тараагдсан л бол ямар ч үнэгүй болдог онцлог ялгаатай. Интернэтэд алдсан киног устгаад устгаад ямар ч нэмэргүй байдаг.
Тэгэхээр оюуны өмч алдагдсан тохиолдолд цаг алдахгүй маш хурдан шийддэг зохицуулалт, тусдаа байгууллага хэрэгтэй санагддаг. Цахимд хэдэн хүн үзсэн, хэн тавьсан, хэн зарсан, дансаараа мөнгө авсан нь бүгд тодорхой байхад асуудлыг шийдэх боломжгүй гэдгийг ойлгохгүй байна.