-Ардчилсан намаас “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Хэлэлцүүлэг өнөөдөр хэдэн аймаг, сумдад хүрэв ээ?
-Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлэг Монгол Улсын бүх сум, баг, дүүрэг хороодод өрнөж байна. Одоогийн байдлаар Ардчилсан намын 15 дэд даргаар ахлуулсан баг нийт 130 орчим сум, 44 хороонд хүрч, 23000 орчим иргэнтэй уулзаж, 1150 орчим айл өрх, 400 гаруй ААН-ээр орж ажилласан дүнтэй байна.
-Ийм том өргөн хэмжээний үндэсний хэлэлцүүлгийг хийхэд АН ямар зохион байгуулалтын хэлбэрийг ашиглаж, хэрхэн энэ газруудад хүрч ажиллав аа?
-Аливаа улс төрийн намын үндсэн үүргийн нэг нь иргэдийн ашиг сонирхлыг нэтгэж, түүнд нийцсэн үйл ажиллагаа явуулах. Ялангуяа, сөрөг хүчин бол эрх баригч намын бодлого, үйл ажиллагаа улс орны хөгжлийг урагшлуулж, ард иргэдийн эрх ашигт нийцэж, амьдралыг нь сайжруулж байгаа эсэхийг тогтмол судалж мэдэх, нийцээгүй зүйлийг нь засаж залруулахын тулд намын бодлогоо сайжруулж, хөтөлбөртөө дэвшүүлж байх үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ хүрээнд бид Монгол Улсын хэмжээнд байгаа өрийн асуудлыг босгож тавьж байна. Нам үүргээ хэрэгжүүлэхийн тулд бүтэц, зохион байгуулалтын хувьд аль өөрт зөв гэж тооцсоноо хэрэглэх ёстой. АН-ын МАН-аас ялгаатай нь нэг хүний удирдлага дор захиргаадалтын зарчмаар бус хэвтээ бүтэц бүхий хамтын удирдлагын зарчмаар ажилладаг. Тэр нь юуг хэлж байна гэхээр Улс төрийн зөвлөлөөр хамтын шийдвэр гарч, харин хэрэгжилтийг нь намын даргаас гадна намын 15 дэд дарга жигд хангаад явж байгаа гэсэн үг. Жишээ нь, энэ “Өрийн дарамтгүй Монгол” хэлэлцүүлгийн тухайд гэхэд Монголын 30 нэгжийг 15 дэд дарга хоёр хоёроор нь хариуцаад, Улс төрийн зөвлөлийн болон ҮБХ-ны гишүүдтэйгээ баг болон ажиллаж байна. Дэд дарга нар 30 тийшээ хүрч ажилласны дүнд олон газарт хүрлээ. Нэг даргатай байсан бол ийм богино хугацаанд тэр бүр очиж, ажиллаж амжихгүй байсан.
-Иргэд өрийн талаар ямар санал бодол хэлж байх юм?
-Ерөнхийдөө улс орон, хувийн хэвшлийнхэн, иргэдийн хамт бүхэлдээ өрийн дарамтад орж, эдийн засгийн тусгаар тогтнол бүх түвшиндээ алсарсаар байгаа мэт мэдрэмж төрлөө. Хатуу хэлэхэд, XX зууны эхээр Хятадын пүүсүүдэд тавьсан монголчуудын өр зузаарч, тэсэхээ байж өрийн дансыг нь шатаадаг шиг нөхцөл байдал үүсээд байгаа мэт санагдаж байна. Иргэд нэг хүнд ногдох өр АН-ын үед 15 сая харин одоо МАН-ын үед 34 сая болж нэмэгдсэнийг сайн мэдэж байна. Тэд улс ийм өртэй байхад бид ч бас аргагүй юм байна гэсэн цөхөрсөн байдалтай байна. ААН-үүд ч мөн өндөр хүүтэй авсан зээл нь ашиг орлого болж чадахгүй байгааг ярьж байна. Малчны зээлгүй малчин, тэтгэврийн зээлгүй настан, цалингийн зээлгүй ажилтан гэж алга. Албан ёсны зээлээс гадна албан бус өр буюу амьжиргаагаа залгуулах гэж дэлгүүрүүдэд тавьсан өр нь бүр талийсан байна. Сумын төвд мөнгөтэй хүн бараг байхгүй болсон тул нэгнээсээ зээлдэг үе нь өнгөрч. Тиймээс нэг дэлгүүрт тавьсан өрөө төлж чадахгүй нөгөөд орж өр тавьсаар сүүлдээ орох дэлгүүргүй болж балардаг үе ч байдаг хэмээн халагласан иргэд ч байлаа. Хуучны үеийн тавын дэвтрийн хэмжээний зузаан өрийн дэвтрүүд хаагдахгүй, улам л нэмэгдэж байгааг дэлгүүрийнхэн хэлж байна. Энэ нь тэдэнд ч бас маш их дарамт болдог юм байна, учир нь тэд ч бас бараагаа хотоос зээлээр татдаг гэнэ. Ерөнхийдөө байр, машин, цалин, тэтгэвэр, хүнсний барааны гэх мэт жижиг зээл авсан жирийн иргэд ихэнхдээ зээлээ төлөх гэж чармайж, том зээл авсан нь тухайн банкаа эргүүлж хахуульдаад мурьчихдаг байдал газар авсан шиг. Өөрөөр хэлбэл, томчуудын зээлийг ард түмэн төлж байна гэсэн үг.
-Манай улсын гадаад өрийн ихэнх хэмжээг Засгийн газрын өр эзэлдэг. Засгийн газар хэтэрхий үрэлгэн байна гэж үзэж болох уу. Сонгуультай холбоотой төсөв хийлээ гэх шүүмжлэл байна. Та энэ талаар ярьж, бичдэг хүний хувьд санал бодлоо хэлээч?
-Засгийн газрын өр сэтгэл түгшим нэмэгдэж байгаа. Үүнийг тойрч 3-4 асуудлыг хөндөж ярих нь зүйтэй байх. Нэгдүгээрт, мэдээж жил ирэх бүр нэмэгдэж буй өрийн дүн. 2016 онд АН 16.6 их наядын өр хүлээлгэж өглөө гээд л чухамхүү сэвээд байсан МАН найман жил засагласныхаа хариуд өрийг 35.2 их наяд хүргэхээр төсөвлөсөн “сюрпризтэй” 2024 оны сонгуулийг угтах нь. Хоёрдугаарт, өртэй холбоотой хууль эрх зүйн асуудал буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Өр нь хуульд заасан таазыг давахаар болмогц л өөрчлөлт оруулж байгаад л нэмдэг болсон. Аливаа зүйлийг сайжруулах гэж хуулийг өөрчилдөг атал эрх баригчид муудаж буй зүйлээ хуульчлах гэж өөрчилдөг. Төсвийн хүрээний мэдэгдлээ ч, төсөөллөө ч байнга л өөрчилж, засаж байдаг болсон. Гуравдугаарт, төсвийн үрэлгэн байдал. 2023 онд төсвийн зарлага 20 их наяд давчихлаа гэж ангайж дуусаагүй байхад 2024 оны төсвийг 27 их наядаар төсөвлөчихөж. Эрх баригчид тойрогтоо дахиж сонгогдоход чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөв мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг болоод удаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн сонгуулийн гэлтгүй бүхий л жилүүдийн төсөв сонгуулийнх болчихсон тул сонгууль дөхсөн энэ үеийнх сонгуулийнх байх нь бараг л аксиом. Энэ нь зардлаас нь илт. Тухайлбал, жилийн жилд л яригддаг соёлын төвд 150 тэрбум төгрөг тавьж. Яасан ч дуусдаггүй соёлын төв юм. Мөн байшин сав будах, эко жорлон хийх зэрэг тухайн тойргийн хэрэгцээнд зориулсан үргүй зардлууд маш их байна лээ. Уг нь ямар ч айл өрх нэн хэрэгцээтэй зүйлдээ л байгаа мөнгөө зарцуулдаг атал эрх баригчид хэзээ ч тэгдэггүй. Есөн жорын 1050 төсөл хөтөлбөрөөс 241-ийг нь нэн тэргүүнд шаардлагагүй гээд царцаахад л 927 тэрбум бараг их наяд төгрөг хэмнэнэ гэж судлаачид тооцсон байна лээ. Тэгвэл үүнээс 600 тэрбумыг нь л мега төслүүддээ больё гэхэд хүүхдийн хоолны төсвийг гурав дахин нэмэгдүүлж зарцуулахад л ирээдүйгээ харсан хөрөнгө оруулалт болно. Сургуулийн хүүхдийн хоолонд өдөрт 1500 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд 2475 төгрөг зарцуулдаг гэсэн. Ийм бага мөнгөөр яаж шим тэжээлтэй хоол идэж чадах вэ дээ. Ер нь эрх баригчдад төсөв үр ашигтай байх гэсэн зарчим огт үйлчилдэггүй. Дөрөвдүгээрт, төсөв маш их ялгавартай байна. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн нутаг болох Хэнтий аймгийн төсөв хамгийн өндөр буюу 1.14 их наяд. Нэг хүнд ногдохоор харьцуулж үзвэл Хэнтийнх 14.4 сая бол Завханых 2.2 сая буюу даруй 6.5 дахин их байна. Энэ юуг хэлж байна гэвэл зарим аймгууд шоовдор хүүхэд шиг, зарим нь айлын эрх хүүхэд шиг байна. Үүний тод жишээ бол Хэнтийд бариад л нураагаад байсан 2.2 тэрбум төгрөгийн Андлалын хөшөө. Мөн сайдын буюу хувь хүний нөлөөнөөс нь болоод байна уу гэж хардахаар зүйл бас байна. Улаанбаатар тогтой, дулаан өвөлжих асуудал илүү тулгамдсан байтал Соёлын сайдын багц илүү байх жишээний. Монгол Улс сонгуульд чиглэсэн төсвөө зоригтойгоор өөрчлөхөөс нааш чөтгөрийн тойргоос гарахгүй.
-Халамж хавтгайрлаа гэдэг нь төсөв дээр хэрхэн илэрч байна?
-Монголд өнөөдөр 16 төрлийн 72 ангиллын 551 халамж, үйлчилгээ байдаг. Ямар нэгэн халамж авдаг нийт 2.3 сая хүн байна гэсэн нь төр хүн амын бараг 70 хувиа халамжаар угжиж байна гэсэн үг. Энэ бүхэн бас л сонгуульд зориулсан бодлого л гэсэн үг. Илрэл нь 2020 оны сонгуулиар тэтгэврийн зээлийг тэглэсэн, малчдад ноолууранд нь 120000 төгрөг данс руу нь шилжүүлсэн гэх мэт. Ирэх жил бас л малчдын НДШ-ийн 50 хувийг нь төрөөс даана гэсэн. Мөн ирэх жилийн дөрөвдүгээр сард цалин, тэтгэвэр тэтгэмж зэрэг дөрвөн төрлийн халамжийг 10 хувиар нэмнэ гэсэн. Ажил хийх хүн олдохгүй байна гэдэг нь халамжаараа амь зогоож болоод байнаа л гэсэн үг. Нөгөө эрх баригчдын Халамжаас хөдөлмөрт гэсэн сүржин урианы хэрэгжилт даржин байгаагийн нотолгоо. Уг нь сонгууль болохоос жилийн өмнөөс нийгмийн халамжийн шинэ бодлого хэрэгжүүлэхийг хориглох хэрэгтэй. Зарим улс оронд найман сарын өмнөөс гэдэг. Ингэж байж татвар төлөгчдийн мөнгөөр эрх баригч нам сонгогчдын саналыг худалдан авахаас сэргийлнэ. Дашрамд, төсөв хэлэлцэх энэ үед татвар төлөгчдийн мөнгийг төсвөөр дамжуулж хулгайлж байгаагаа нуухын тулд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх асуудлыг босгож байгаа нь гөлөг төөрүүлж буй мэт.
-Өрийн дарамт, амьжиргааны түвшин, амьдралын чанар, нийгэм эдийн засгийн байдлын талаар иргэдээс санал асуулга авч байгаа юм билээ. Санал асуулгын дүн хэзээ гарах вэ?
-“Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хөтөлбөр маань хэд хэдэн үе шаттай явагдана. Эхний үе шат нь арваннэгдүгээр сарын 15-нд дуусна. 21 аймаг, 9 дүүргийн бүх баг, хороодын иргэдээс авсан санал асуулгын дүн арванхоёрдугаар сарын нэгэн гэхэд нэгтгэгдээд гарна.
-Улсын төсвийг хэр алдагдалтай баталж байна?
-Байнга л алдагдалтай баталдаг болсон. 2020 онд 4.4 наяд, 2021 онд 2.9 их наяд, 2022 онд нэг их наяд гүйцэтгэлээр, 2023 онд 1.4 их наяд гэх мэт. Одоо 2024 оны төсөл бас 2.8 их наядын алдагдалтай байхаар байна. Энэ их алдагдлыг эцэстээ өндөр хүүтэй гадаад зээлээр л санхүүжүүлж таардаг. Энэ нь эргээд зардлыг нэмнэ, улмаар хөрөнгө оруулалт муудна, ингэснээр орлого ч муудна. Ингэхээр өрийн дарамтын тойрогт орохоос ч өөр яахав. Гэтэл алдагдлаа бага харагдуулахын тулд орлогоо хэт өөдрөгөөр төсөвлөдөг нь нүглийн нүдийг гурилаар хуурна гэлтэй. Алдагдал үүсгээд буй зардлын хяналт гэж байхгүй. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхээ больсон. Төсвийн мөнгийг ил тодоор тендер зарлаад ашиглах ёстой байтал нууцад хамруулаад шууд гэрээ байгуулах замаар маш ихээр шамшигдуулж байгаа нь ар араасаа илэрч байна. Энэ бүхэнд тооцдог хариуцлагын механизм байхгүй тул зогсохгүй үргэлжлээд байгаа.
-МАН-ын өрийн тооцоогоо тооцоолж буй загвар нь буруу, хоцрогдсон. Тооцооллоо зөв болгохгүй бол дараа, дараагийн шийдвэрүүд буруу гараад явж байна гэж та хэлж байсан. Ямар тооцооллоор явж байна гэсэн үг вэ?
-Өрийн тооцооллоо буруу хийж байгаа нь юугаар нотлогдож байна вэ гэхээр 2023 оны Засгийн газрын ДНБ-нд ногдох өрийн хэмжээг засаг өөрөө 42 хувь гээд байгаа бол НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн саяхны илтгэлд 76.2 хувь гэсэн байна. Энэ нь орлого багатай ижил төстэй улсуудынхаас даруй 28 хувиар их. Үүнийг мэдэж байгаа ч нүдээ таглачихаад өөрийгөө нуугдчихлаа гэж боддог жаахан хүүхэд шиг санагдана. Энэ хувийг ОУВС, Дэлхийн банк өөрсдийн ашигладаг арга загварчлалын дагуу тооцоолоод гаргаж ирсэн байж таараа. Тэр тусмаа хэд хэдэн удаа хар, саарал жагсаалтад орж байсан манайх шиг дампуу улсад олон улсын банк, санхүүгийн байгууллагын хараа хяналт илүү чанга байгаа. Үүнд хоёр зүйл байна. Нэг нь хүүхдээ сургууль төгсөхөд нь хэрэглэхээр хадгалсан мөнгөө авч үрчихээд “өргүй ээ” гээд яваад байгаа гэр бүл шиг 2030 оноос нааш үрж болохгүй хуультай Ирээдүйн өв сангийн хөрөнгөөс авч идсэнээ төсвийн алдагдалд тооцохгүй байна. Хэрэв тооцвол 2023 оны төсвийн алдагдал 1.4 их наяд биш бараг гурван их наяд болно. Нөгөө нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбарт зориулагдсан хөрөнгө оруулалтын чиглэлийн зээл, мөн Засгийн газрын дотоод үнэт цаасаар баталгаажсан өрийн үлдэгдлийг оруулж тооцохгүй гэсэн заалтыг өөрчлөхгүй байгаагаас болоод өрийн бодит тооцоолол гарахгүй байна. Засгийн газар өрийг бага харагдуулахын тулд, нөгөө талаас бодитоор тооцвол өрийн тааз илт хэтрэх тул үүнийг өөрчлөхгүй байгаа.
-Энэ бүх өрийн сүлжээнээс гарахын тулд яах ёстой вэ?
-Ер нь Засгийн газрын өр ДНБ-ий 70 хувиас дээш байвал эдийн засаг хямардаг гэдгийн дагуу манайд хямрал аль эрт эхэлсэн. Уг нь улс орноо хөгжүүлж, өрнөөс гаргах чин сэтгэл байвал хийх ажил зөндөө байна. Юуны өмнө засгийн газрын өрийг багасгахын тулд төсвийг алдагдалгүй батлах, тодруулбал өндөр хүүтэй зээл авах, татвар нэмэх замаар алдагдлыг санхүүжүүлэх бус зардлаа орлогодоо тааруулж танаж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж занших хэрэгтэй. Суурь өөрчлөлт гэвэл том төрөөс татгалзаж, төрийн албыг цомхон болгох, төрийн өмч нэртэй эрх баригчдын саалийн үнээг хувьчлах, олон нийтийн болгох, элдэв сангуудыг мөн төрийн мэдлээс гаргах, төсвийн хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлж, жорлон барьж, хана будахад бус, урт хугацааны эдийн засгийн өндөр үр ашигтай том төслүүдийг санхүүжүүлэхэд чиглүүлэх замаар сонгуулийн авлигыг таслан зогсоох. Халамж, хөнгөлөлт, тэгтгэмж, дэмжлэгт хамрагдах иргэдэд тавих шаардлагыг өрхийн орлогын доод хэмжээтэй нь уяж шинэчлэх замаар хавтгайрсан халамжийг зогсоож зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх. Өр тооцох аргачлалаа олон улсын жишигт нийцүүлэх, өрийн тааз, төсвийн алдагдлын хязгаарыг олон улсын жишгийн дагуу багаар тооцож, байнга нэмж өөрчилдгийг болиулж, дөрвөн жил заавал мөрдүүлэхээр хуулинд өөрчлөлт оруулах. Төсөв батлахад олон нийтийн саналыг заавал авдаг байх, хараат бус, бие даасан төсвийн хяналтын байгууллагыг байгуулах. Мөн байгалийн баялгаас хуримтлал үүсгэх шинэ санг байгуулж, үйл ажиллагааг нь төрөөс хараат бусаар явуулах зэрэг бодлогын хувилбаруудыг хэрэгжүүлэх шаардлагатай.
Эх сурвалж: Niitlel.mn