Монголдоо тэргүүлэх банкиртай хийсэн нэгэн уулзалтын үеэр “УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар мэтийн хүнээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог толгойлуулсанд туйлын харамсаж байна “ хэмээн хэлэхийг сонсож байлаа.

Гэтэл МАН УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараар Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлуулах гээд зэхэж байгаа сурагтай. “Дур эзнээ голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй” гэгчээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувьд бизнесмэнээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга гээд улс төрд овоо карьер ахиж яваа нөхөр. Улс төрийн карьертэй нь хамт бизнесийн цар хүрээ нь өсч томорсоор. Чихэрний бизнесээс сүлжээ дэлгүүр, орон сууц, офиссын барилга гээд томрохын хэрээр  халаас нь тэрбум, тэрбумаар түнтийж буй.

Гэхдээ түүний шунал гүйцэгдэхээ болиод удаж буй. Баянгол дүүргийг бүрэн хяналтандаа авахын тулд МАХН-ын гэх харьяалалтай дүүргийн ИТХ-д сонгогдсон нөхрийг “худалдаж авсан” тухай баримт хуучраагүй байна. Тэрээр Баянгол дүүргийн хорооны Засаг даргаас эхлээд Тамгын газрын хэлтэс албад түүний хамаатан садан, найз нөхөд, ойр дотныхноор дүүрч, төсөв мөнгөний асуудалд ч орооцолдох болсон. МАН-д тэрбум, тэрбумын хандив өгснөө ч ил зарлаж яваа түүний хувьд эрх мэдлийн оосроос нэг атгаад авсных барьц ахиулсаар явна.

Харамсалтай нь, эрх мэдэл нь нэмэгдэхийн хэрээр иргэдийн эрх ашгийг хөсөр хаяж, хууль стандартыг уландаа гишгэж явааг бид саяхны жишээнээс нь харлаа. Түүний ХОМ-доо мэдүүлсэн “Камдер” ХХК нь олон зуун иргэний эрх ашгийг үл тоомсорлон, орон сууцтай залгаа 25 давхар офиссын барилгын ажил эхлүүлжээ.

Фейсбүүк “лайв”-аар монгол даяар танил болсон Д.Мөнх-Эрдэнэ энэ тухай олон нийтэд мэдээлж, “UB Central” гэх хотхоны иргэд хотын А зэрэглэлд хагас тэрбум гаруй төгрөгөөр авсан орон сууцыг нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын компани хэрхэн сүйтгэж, иргэдийн тав тухыг алдагдуулж байгаа талаар ярьсан. Хөөрхий Д.Мөнх-Эрдэнэ “миний өмч”-нд халдлаа гэж хашгирсаар барилгын хашаанаас чирэгдсээр гарч явааг хэн бүхэн харсан.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйл “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйл  “хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх;”  12 дугаар зүйл “орчны архитектур төлөвлөлттэй уялдуулж барилгын нүүр тал /фасад/, дээвэр, тагтны хашлага, хаалтыг төлөвлөж байх”, 14 дүгээр зүйл “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэх зэрэг олон заалтыг зөрчсөн нь тодорхой байтал 25 давхар барилга барих тусгай зөвшөөрөл олгосон төрийн байгууллага, Хяналт тавьж ажиллах ёстой Мэргэжлийн хяналтын байгууллагыг ажлаа хийж чадаж байна гэж үзэх үү.

Нийслэлийн иргэдийн тав тухтай байдлын төлөө өдөр шөнөгүй “ажиллаад” байгаа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар та хаагуур нь нүдээ аниад өнгөрөөд байна вэ? Мэргэжлийн Хяналт хариуцсан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан аа, хууль зөрчигч хажууд чинь байна. Харин та камерын өмнө л шударга царайлаад байна бус уу.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын ХОМ-ээс харвал тэрбээр хамгийн олон газар өмчилж, эзэмшдэг нэгэн. 2017 оноос хойш гаргасан ХОМ-ын мэдүүлэгтээ газар эзэмших 4, өмчлөх 7 эрхтэй гэжээ. Түүний нэр дээр бүртгэлтэй энэхүү 11 газрын 520 саяар үнэлсэн байгаа юм. Тодруулбал, Эзэмших-1261 м2-1, Өмчлөх-324 м2-1, Эзэмших-370 м2-1, Өмчлөх-372 м2-1, Өмчлөх-434 м2-1, Эзэмших-4495 м2-1, Өмчлөх-569 м2-1, Өмчлөх-579.57 м2-1, Өмчлөх-601 м2-1, Өмчлөх-606 м2-1, Эзэмших-7195 м2-1 гэж байна.

Эндээс харвал 2019 онд дуудлага худалдаагаар 20 тэрбум төгрөгөөр авсан гэх өнөөдрийн хэл ам татлаад байгаа СБД-т орших хуучин  “Автобус-3” баазын 2.5 га газраа ХОМ-доо мэдүүлээгүй бололтой. Ямартай ч цаашид УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын гэх нэрээр хаана ч, юу ч босгох газартай л хүн юм.  Нэгэнт хууль түүнд үйлчлэхгүй юм чинь мөнгөтэй бөгөөд газартай хүн хэний ч эрх ашгийг зөрчөөд юу ч хийж чадна гэдэг нь түүний энэ мэт  үйлдлүүдээс тов тодорхой.

Гэтэл салбарын хуулийг байтугай Үндсэн хууль зөрчиж чаддаг хүн хуулийн төсөл боловсруулж, хууль батлахад ханцуй шамлаад зогсохгүй, гүйцэтгэх засаглалд санаархаж байгаа нь Монголын эмгэнэл.

Эдийн засгийн хөгжлийн яамны эрхэм зорилго нь “Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийг төлөвлөх, хөгжлийн нэгдсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чадавхыг тогтвортой, хүртээмжтэй дээшлүүлэхэд оршино.” гэж буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн төлөвлөлт, түүнд шаардлагатай хөрөнгийг зарцуулах бодлого боловсруулах эрхийг энэ хүний гарт өгөх гэж МАН зүтгэхийн учир нь юу вэ. Өнөөх иргэндээ ээлтэй төр, шударга ёс, авлигыг арилгах, хүн биш хууль засагладаг улс болно гэх зэрэг сайхан үгс чинь Ж.Ганбаатар мэт этгээдүүдийн гутлын тоосонд замхарсаар байна.

Эх сурвалж: Toim.mn

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.