Миний бие дүүгийн хамтаар 2002 онд Солонгосын хойгийн хойд хэсэг буюу Хойд Солонгосруу явах хувь тохиож Номхон далайн эрэг дэх Сондовон олон улсын хүүхдийн зусланд амарч билээ.

Сар шахуу үргэлжилсэн энэ аялалаар хэдийгээр хүүхэд байсан ч их зүйлийн талаар бодлогширсноо мартдаггүй юм. Коммунист номлолтой, тус улсыг үндэслэгч Кем Ир Сений бодлого болох Чучхэ үзэл, нэг хүнийг дахин шүтэх үзэл суртлыг хуульчилсан уг орны гудамжаар нэгэн хэвийн хувцаслалтаар жигдэрсэн хүмүүс түүний дотор цэргүүд ихэвчлэн алхана, тэдний харц их л чухал боловч уйтгартай харагдаж байсан санагдана.

Үдэш болоход гудамжны гэрэлтүүлэг буудлын өрөөний гэрлүүдийг орчин харагдах төдий л асаана, учрыг асуувал бид мөнхөд дайны бэлэн байдалд байдаг, бидний агуу удирдагч Ким ир сен, Ким Жен Ир нарын төрсөн өдрөөр л асаадаг гээд та бид ч одоо болгоомжтой байх ёстой хаанаас ч хамаагүй Америкийн имперлистууд гарч ирээд дайрч мэднэ гээд биднээс алхам хөдлөхгүй итгэл үнэмшилтэйгээр эгц харж байсныг тод санаж байна.

Гудамжаар цөөхөн хэдэн машин өнгөрөхийг сүр жавхлантайгаар Замын цагдаа эмэгтэй зохицуулах нь урлагийн нэгэн үзүүлбэр гэлтэй харагдана. Хүүхдийн зусланд Орос, Хятад, Энэтхэг, Герман, Африк гээд олон орны хүүхдүүдтэй хамт амрахад Орос Монгол хоёр орны хүүхдүүдэд Хойдууд их л илүүрхэн элгэмсүү дотно ханддаг байж билээ, яг биднийг амрах тэр мөчтэй давхцаж хоёр орны удирдагч нарын айлчлалын хэлэлцээрт тусгагдсаны дагуу дайны үеэр хайртай дотны хүмүүсээ орхин Өмнөдрүү дүрэвсэн цөөн хүнийг ар гэрийнхэтэй нь уулзуулах ажиллагаа болохыг хараад тэнд цугласан хүн бүрийн сэтгэл шимширч байсан.

Нэг настай өвөө Монголчуудаас танай удирдагч бидний анд Цэдэнбал байгаа юу гэж асуухыг сонсоод бусад орны талаар мэдээлэл хаалттай, өчнөөн олон жилийн өмнөх мэдээллээрээ явдагыг ойлгосон юм. Тэр үеэс хойш Ардчилсан нийгэм гэх үгний цаана ямар их үнэт зүйлс хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл авах, гадагш дотогш чөлөөтэй зорчих, сонгох, сонгогдох, хувийн өмчтэй байх эрхийн үнэ цэнэ, чухлыг илүү ухаарч бид азтай, хувьтай улс шүү гэж бардам хэлэх итгэл дүүрэн болсон юм…

Тэмдэглэл Улаанбаатар хот 2017.09.22 А.Пүрэвдулам

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.