Өнгө өнгийн цэцгийн мандал дэлбээлж, налгар зуны ногоон өдрүүд ирснийг албан ёсоор зарлажээ. Байнга шахуу жагсаал цуглаан, хандив тусламж гуйсан хүмүүсийн хөлд дарагдсан  дүнсгэр Төв талбай өнөөдөр баярын хөлд дарагдах нь тэр. Учир нь өнөөдөр оюутан насны сүүлийн хавраа хамтдаа үдэж буй төгсөх дамжааны хонхны баяр, 41 жилийн дараах ангийн уулзалт, хурим найр зэрэг хүний амьдралд тохиолдох  баярт үйл явдал бүхэн энд өрнөж байна.

Мөн 31 дэх удаагийн “Номын баяр” болж буйг онцлох нь зүйтэй. Дээрх зураглал нь  ид оволзож буй нийслэлийнхний амьдралд хөг нэмнэ.

Иргэд хиймэл зүлгэн дээр суунгаа ном уншиж, тэнд зургаа даруулцгаана. Зүлгэн дээр тухлан суусан залуус хоорондоо “Нобелийн шагналт зохиолчдын уран зохиолын таван ном хямдраад 90 мянган төгрөг болсон байна. Уг нь авчих юмсан. Даан ч мөнгө алга. Эгчээс зээлээд хичээл амрахаар цагийн ажил хийгээд эргүүлээд төлчихдөг юм билүү” гэтэл цаанаас нэг найз нь “Оюутан болохоор ажилд авах болов уу” гэж итгэл муутай хоолойгоор хэлэх нь сонсогдов. Ямартай  ч нөгөө охин эгч рүүгээ утсаар ярьж “панаалдахаар”  найзуудаасаа түр холдов. Эгч нь ямар хариу өгснийг мэдэхгүй  ч  нааштай хариу өгсөн байгаасай гэж найдсаар бид цааш явлаа.

IMG_4497.jpg
Халаасны номууд

Номын баярт жилд дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300 гаруй  зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог аж.

Харин энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн хандсан ч зай талбайгаас шалтгаалж 200 орчим хувь хүн, албан байгууллага оролцож байна. Номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдөр үргэлжилнэ.

IMG_4498.jpg

Өнгө алагласан тод өнгийн зурагтай, эрээн мяраан хавтастай хүүхдэд зориулсан ном, томчуудад зориулсан товхимол, шашин, зурхай, шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиолын шинэ боть, түүвэр, амтархан унших тууж, роман. Монголын төдийгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх хэл дээрээ уншихыг хорхойсох олны сэтгэлийг баясгаж буй нь ойлгомжтой. 

Хүмүүс картын бараатай үеийг санагдуулахуйцаар ном авахаар дугаарлаж, тор дүүрэн ном авч яваа нь  “Монголчууд  ном уншихаа больсон” гэх ойлголтыг үгүйсгэв.

Залуусын хувьд дэлхийн сонгодог зохиолоос илүү хувь хүний хөгжил, бизнесийн төрлийн болон гадаад хэл дээрх ном сонирхож байна. Харин хуучин ном сонирхогчид зохиол бүтээлээрээ олны сэтгэлд хоногшиж, хүндлэлийг хүлээсэн Төрийн хошой шагналт, эрдэмтэн, зохиолч  Ч.Лодойдамба, Л.Түдэв, П.Бадарч нарын бүтээлийг “ховор ном”-ын булангаас эрж байв.

Асарт зарагдаж буй олон төрлийн номууд 10-50 хувь хямдарсан учраас хүмүүс олзуурхан бөөндөж авах нь түгээмэл бол  “Номын хямдрал шал  худлаа. Хямдарсан нэрнээс цаашгүй” гэж шүүмжлэх нэгэнтэй ч таарлаа. 

500-600 нэр төрлийн номууд 10-50 хувь хямдарчээ

_MPA6795.jpg

“Интерном” номын дэлгүүрийн маркетингийн менежер Э.Мөнхзагар “Энэ жилийн хувьд цаасан номоос гадна дижитал ном болох  “Amarnom” аппликейшныг хүмүүст танилцуулж байна. Тус аппликейшн дээр аудио болон EBook номууд гардаг төдийгүй Монголын бестселлер болсон бүтээлүүд бий.

Номын баярт 500-600 нэр төрлийн номууд 10-50 хувь хямдарсан. Сүүлийн үед залуус уран зохиолын номыг маш ихээр сонирхож байна. Нэг удаа уншаад мартагдах биш үйл явдал нь уншигчдыг уядаг бүтээлүүд бестселлер болдог болсон.

Хүүхдийн баяр дөхөж байгаа учраас эцэг эхчүүд хүүхдийн ном их авч байна. Манай бусад салбар дэлгүүрүүдээр  бестселлер болсон номууд энд бүгд бий. Ер нь  утга зохиолын цуврал, өнгөт цуврал болон халаасны жижиг номууд эрэлттэй байна. Хүмүүс хамгийн багадаа гурван ном авч байна” гэдгийг онцлов.

Энд хамгийн үнэтэй ном нь 300 мянган төгрөгийн үнэтэй хоолны ном,  95 мянган төгрөгийн дэлхийн түүхийн  ном байгаа бол хамгийн хямд нь хүүхдийн ном байна. Хямдрал нь ном  тус бүр дээр харилцан адилгүй аж. Тухайлбал, “Луун шивээст охин” номын нэгдүгээр боть 25 хувиар хямдарч 15 мянган төгрөг, “Бид амьд хүмүүс” ном 30 хувиар хямдарч 18 мянган төгрөг, “Тахал” ном 20 хувиар хямдарч 20 мянган төгрөг болжээ.

Харин тренд болоод байгаа халаасны номууд 20 хувь хямдраад 10 мянган төгрөгөөр зарагдаж байна.

Цуглуулгынхаа 20 хувийг авчирсан ч гэрт 2000 ном бий

MPA-PHOTO-9-8108.jpg

Номын баярт  хувийнхаа цуглуулгаас зарахаар ирсэн Б.Ангарагтай таарлаа. Түүний хувьд хуучны  Орос хэл дээрх түүх, уран зохиолын номууд цуглуулдаг бөгөөд хамгийн хуучин ном нь 1941 оных. Түүнийг цуглуулгынхаа 20 хувийг авчирсан гэсэн  ч гэрт нь 2000 ном бий гэдгийг сонсоод тэр хавийн хүмүүс гайхшрах нь тэр. Тэрбээр “Орос хэл дээр ном уншигчдын групп-ийн гишүүд Орос ном их хайдаг. Монголын орчуулгын номууд утга агуулгын хувьд  алдаатай байдаг. Түүнээс биш гайгүй. Номыг эх хэл дээр нь уншвал орчуулгын ном уншсанаас хавь илүү дээр” гэдгийг онцоллоо.

“Дээлтэй өвөөгүй” Номын баяр

Төв Шуудангийн буланд ном зардаг “Дээлтэй өвөө”-гүйгээр энэ удаагийн Номын баяр эзгүйрч байсныг нуух юун. Н.Баасандорж гуай жил бүрийн номын баяр дээр хэзээний дасал болсон бор дээлтэйгээ ирдэгсэн. Гэхдээ тэр өнөөдөр ирээгүй  ч маргааш эсхүл нөгөөдөр  Төв талбайг зорих нь лавтай. 

Түүнтэй 2018 оны номын баярын үеэр таарахад “Ер нь ах нь боддог юм. Ерөнхий боловсрол, их дээд сургууль  төгссөн хүүхдүүдийг хараад байхад жаахан мулгуу зан гаргаад явдаг болохоор нь ном уншаасай л гэж хүсдэг. Уншсан номынхоо агуулгыг өөрийнхөө амьдралтай  хослуулан цэнэж үзээд, дүгнэлт гаргаад өөрийнхөө амьдралыг цэгцлээд аваад яваасай л гэсэн бодолтой явдаг. Ном сонирхож унших хүн байхгүй байна гэж ярьж л байсан. Гэхдээ залуучууд номыг ихээр сонирхдог шүү дээ. Харин худалдаж авч чаддаг нь цөөхөн. Сайн чанартай ном авч уншихгүй  болохоор дутуу дулимаг ойлголттой л яваад байна. Над дээр ирээд ном үздэг залуучуудыг ажиглаад байхад нүднээс нь үйлдлээс нь харахад энэ номыг үнэхээр авах юмсан гэсэн сэтгэл дүүрэн байдаг” гэж хэлж байсныг сурвалжлагын төгсгөлд онцлоё.

Э.Сосорбурам

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.