АН-ын бүлэг өнөөдөр /2022.06.06/ мэдээлэл хийлээ. 

————————————–

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт энэ долоо хоногт болно.Сүүлийн үед иргэд хууль зүйн туслалцаа авах нь бүрхэг байгаа учраас хэлэлцүүлгийн явцад засч сайжруулах ёстой. Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар мэдээлэл сонссон. Өглөө бүр бидний өмнө шинэ талхыг хүргэхийн тулд  хувийн хэвшил ажиллаж байна. Олон улс коммунист тогтолцоогоор явж үзсэн. Монгол Улс ч ялгаагүй. Эцсийн дүндээ ямар ч амжилт олоогүй. 1990 онд Үндсэн хууль батлагдаж “Бүх хүн өмчтэй байх эрхтэй” гэж заасан. Гэвч сүүлийн 30 жил энэ заалтаасаа ухарсан.

АН олонх болсон үедээ хувийн хэвшлийг дэмжсэн бодлого явуулж,  хууль эрхзүйн орчныг сайжруулж ирсэн. Үүний үр дүнд төрийн өмчийн оролцоо 20-30 хувь буурч байсан. Гэтэл эргээд халамжийг хавтгайруулж, төрийн оролцоог нэмэгдүүлсэн нь улс орныг мухардалд оруулж байна. Үүн дээр МАН анхаарах ёстой. 

АН төрийн өмчийн 40 их наядын бүтцийг задална

УИХ-ын  дэд дарга С.Одонтуяа:

-Монгол Улс зах зээлийн системд шилжээд 30 гаруй жил болж байна. Гэтэл эдийн засгийн бүтцийг нь харахад хувийн хэвшлийн эзэлж байгаа хувь нь маш их буурсан. Зах зээлд оролцох оролцоо нь тун бага болсон байна. Энэ нь төр бүх бизнесийг булааж байгаатай холбоотой. Тухайлбал, улсын төсвийн орлого бүрдүүлэхэд 90 гаруй хувь нь уул уурхайгаас орж ирж байна. Уул уурхай дотроо Эрдэнэт болон Эрдэнэс Тавантолгой ХК. Бусад ААН-үүд Монгол Улсын эдийн засагт төдийлөн идэвхтэй оролцдоггүй гэсэн үг. Монголд хувийн хэвшлийн оролцоо улам бүр хумигдаж байна.

2019 онд төрийн өмчит компаниудын төсөвт төлж байгаа орлого 9.7 их наяд төгрөг. Үүнээс 7.6 их наядын зарлага гаргаад 4.2 их наядын өртэй болсон. Монгол Улсын хөрөнгө хаашаа урсч байгааг дээрх гурван тоо харуулж байна. 

Гэтэл төрийн өмчит компаниудын нийт өрийн хэмжээ нь 40 их наяд төгрөгт хүрсэн. Эрдэнэт болон Эрдэнэс Тавантолгой ХК нь хоёр их наяд төгрөгийг төсөвт оруулдаг. Дээрх хоёр компани Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч байна. Хувийн хэвшлийг дэмжиж хувийн хэвшил рүү хандсан бодлого явуулахгүйгээр эдийн засаг хөгжихгүй. АН төрийн өмчийн 40 их наядын бүтцийг задална. Өр үүссэн шалтгаан болон сардаа 3-4 сая төгрөг зарим нь 10-2 сая төгрөгийн цалин авдаг болохыг судална. Үүнийг зогсоох ёстой. Жижиг асуудлаас илүү том эдийн засгийн бүтцийг харах нь зүйтэй.

Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогыг АН-ын үед баталж байсан. Үүнд  том ордуудын 10 хувийг нээлттэй хувьцаат компани руу шилжүүлэх ажлыг тусгасан. Тиймээс энэхүү ажлыг яаралтай эхлүүлэхийг АН-ын бүлэг шаардаж, шахаж ажиллана. Өнөөдөр иргэдийн хийж байгаа бизнесийн бүтэц өөр болсон. Хил хаалттай учраас иргэд хөрөнгө, мөнгөө хувьцаа руу оруулах сонирхолтой болжээ. Үүнийг нь зөв зүйл рүү засч оруулахгүй нь зөв. Тиймээс иргэдийг ашигтай ажилладаг хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигч болгох хэрэгтэй. 

Дараа нь тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

———————————————

-Сүүлийн үед бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганбат нар мэдээлэл өгч байгаа нь тус хуралдаанд тус хоёр гишүүнээс өөр хүмүүс суухгүй байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа шүү дээ.

Д.Ганбат:

-АН-ын бүлэг анх 11 гишүүнтэй байсан. УИХ-ын тухай хуулиар нам болон эвсэл 8-аас дээш гишүүнтэй бол бүлэг байгуулж болно гэж заасан.  АН хоёр жилийн хугацаанд хоорондоо хэрүүлтэй байсан. Үүнд гадна дотны нөлөөлөл байсан. АН Үндсэн дүрмээ гуравдугаар сард бүртгүүлсэн. АН-ын бүлэг албан ёсоор найман гишүүнтэй гэж УИХ-д бүртгүүлсэн байгаа. Өнөөдрийн хуралдаанд бүлгийн хуралдаанд дөрвөн  гишүүн суусан.  2-3 нь орон нутагт ажиллаж байгаа. Зарим нь хуралдаандаа суухгүй байгаа. Монгол Улсын хуулиар хэнийг ч албадан ажиллуулж болохгүй. Гэхдээ жирийн иргэн ажлынхаа найман цагт ажилдаа ирэхгүй бол цалингаа хасуулаад явдаг. Тиймээс хуралдаандаа суухгүй байгаа гишүүдэд шат дараатай арга хэмжээ авна. Хуралдаа суухгүй байгаа гишүүд ямар ажил хийж байгаа вэ гэдгээ бодох ёстой. Тэд хуулийг биелүүлэх ёстой. Гэтэл хуралдаа суусан гишүүд нь буруутай болчхов уу. Гадуур олон юм яриад байгаа хүмүүс нь буруутай юм уу. 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

Д.Ганбат:

-Бид хоёр том гүрний дунд оршдог. Парламентыг төгөлдөржүүлэхийг бид дэмжинэ. АН-ын эрх бүхий байгууллага болох Үндэсний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, гишүүд энэ талаар байр  сууриа илэрхийлсэн.

С.Одонтуяа: 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар улс төрийн намуудтай хоёр удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд дийлэнх гишүүд дэмжсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр холимог тогтолцоо, гишүүдийн тоог нэмж, хүчтэй парламент бий болгохыг хүсч байгаа. Холимог тогтолцооны давуу тал нь намууд сонгуульд нэг завин дээр сууж орно гэсэн үг. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг намд ашигтай биш бүх намд ашигтай байхаар хийнэ. Үүний төлөө  АН чадах бүхнээ дайчилна.

Э.Бурам

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.