УИХ-ын 50 гаруй гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барина. Эх өргөн баригч нь МАН, АН, ХҮН-ын УИХ дахь төлөөлөл байна гэсэн яриа Төрийн ордонд гараад удлаа.

Үнэхээр одоогийн байгаагаар цааш явах боломжгүй болоод Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж зорьж байгаа бол УИХ-д хугацаа бага үлдлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хаврын чуулганыг долдугаар сарын 8 хүртэл хуралдах болов уу гэж хэлсэн. Харин ээлжит бус чуулган зарлах тухай мэдээлэл гараагүй байна.

АН-аас УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, ХҮН-аас УИХ-ын гишүүн Т.Доржханд, гаднаас Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нараар сонгуулийн мажоритар тогтолцоог пропорциональ тогтолцоогоор сольё, УИХ-ын гишүүдийн тоог нэмье гэдэг мессеж өчнөөн өгүүллээ. Жагсаал хийлгэв, хэлэлцүүлэг хийлгэв, шаардлага хүргүүлэв. Араас нь олон удаагийн судалгаа, тандалт хийсэн байх. Үндсэн хуулийг өөрчлөх замаар сонгуулийн тогтолцоо, УИХ, Засгийн газрын зохион байгуулалтыг өөрчлөх томъёоллын төсөл дээрээ тогтсон бол МАН-ынхан хөшигний ардаас гарч ирээд төслийн эхээ олон нийтэд харуулмаар юм даа.

Сонгуулийн тогтолцоо

Манай улс 8 удаа УИХ-ын сонгууль явуулахад МАН олонхын буюу сонгуулийн мажоритар тогтолцоогоор 1992 онд 70, 2000 онд 72, 2008 онд 45, 2016 онд 65, 2020 онд 62 суудал авч олонх болжээ. Хоёр сонгууль дараалан ялалт байгуулж, нийслэлээс сум хүртэлх төрийн бүх нэгжид намын сүлжээгээ бий болгосон, сөрөг хүчин нь энэ хугацаанд төсвийн амь тариа, төрийн дэмжлэгээс холдсон энэ үед МАН мажоритар биш холимог тогтолцоогоор 2024 оны сонгуулиа явуулъя гэсэн санаа гарч байна. Холимог тогтолцоог бид 2012 оны сонгуульд туршиж үзсэн. УИХ-ын 76 гишүүний 48-ыг нь мажоритар тогтолцоогоор буюу олон мандаттай томсгосон тойргоос сонгосон. Харин үлдсэн 28-ыг нь нам, эвслийн төлөө санал өгч пропорционалаар сонгоход МАН 26, АН 34 суудал авч, бусад намд 13 суудал, 3 бие даагч УИХ-д орж ирсэн. АН 1996 онд 50 суудал авч байсныг эс тооцвол 2012 оны сонгуульд 34 суудал авсан шигээ олноороос сонгогдож чадаагүй л явна.

Сонгуулийн тойрог, мандат.PNG
Сонгуулийн тойрог, мандат.

Сонгогчдын санал гээгддэггүй, олон намын төлөөлөл УИХ-д сонгогдох боломжийг нээдэг нь холимог тогтолцооны давуу тал. Намыг нь дугуйлчихаар өөрсдийнх нь хүсээгүй улстөрчид намын жагсаалтаар УИХ-д ороод ирэх вий гэсэн пропорцианаль сонгуулийн сул тал харин эргэлзээ төрүүлдэг. Нөгөө талдаа намын жагсаалт нь тойргоос сонгогдоогүй гишүүдэд тойрогт уягдаад байлгүй улсын нэгдсэн бодлого руу харж, жалга довны улстөр хийхгүй байх боломжийг олгодог. Улс төрийн сонгуультай холбоотой шинэчлэл Дээд шүүхэд бүртгэлтэй халаасны, идэвхтэй нь хамаагүй 30 намын зөвшилцөл дээр суурилж явах учиртай. Одоогийн байдлаар МАН /МАХН/, АН, ХҮН-ууд сонгуулийн холимог тогтолцоог сонгоё гэдэг дээр саналаа нэгтгэж байна.

Гишүүдийн тоо

УИХ-ын 76 гишүүний тоог 99, 108, 150 болгоё гэдэг саналууд явсаар л ирсэн нь шинэ юм биш. Иргэдээс асуухаар “76 хоолны савыг тэжээх гэж ядаж байхад дахиад нэмэх хэрэггүй” л гэдэг. Гэтэл улс төр судлаачид Монголын парламентыг “давжаа” гэдэг. Цөөн гишүүнтэй байгаагаас Байнгын хороо, ажлын хэсгийн хурал нь давхацдаг, гишүүд орж ирсэн хуулийн төсөл бүрийг уншиж судалж амждаггүй. Төвлөрч суугаагүйгээс болоод хулгайн хуулиуд, чанаргүй хуулиуд батлагддаг. Энэ нь эргээд иргэдийн амьдрал, улс орны хөгжилд муугаар нөлөөлдөг нь бодитой. 2 сая хүн амыг төлөөлөх 76 сонголт өнөөдөр 3.3 сая монголыг төлөөлөхөд хэд байх нь тохиромжтой вэ гэдгээс тоо эхэлнэ. Хүн амын тоо УИХ-ын гишүүний тоо хоёр жишиж байж улс орны ачааг тэнцвэртэй авч явна. Ажлын ачаалал, ажлын чанар талаас нь авч үзвэл “хууль үйлдвэрлэдэг парламент”-д үзэл бодлын зөрүү, мэтгэлцээн их байж, УИХ-ын гишүүдэд хуулийн төсөл дээр сууж ажиллах, иргэдтэйгээ уулзаж тэдний санал бодлыг сонсч, жинхэнэ утгаараа төлөөлөгч байлгая гэвэл тоог нь нэмэх шаардлага гарна.

Нөгөөтэйгүүр, ганц нэг банк, ганц нэг бизнесмэн, ганц нэг албан тушаалтан өнөөдөр Монголын парламентаар хууль гаргуулж чадаж байна. УИХ-ын гишүүд хэн нэгний бичиж өгсөн текстийг дуржигнатал уншиж, бусдын нөлөөлөлд автаж, тэрний энэний хүн, тэр фракцынх гэдэг тамгатай болсон. Ийм нөхцөлд тусгаар тогтнол, аюулгүй байдал гэж сүржигнэхгүй ч ядаж л бүгдийг нь худалдаж авах, тохироонд орох боломжийг нь тоог нь өсгөх замаар хаах л хэрэгтэй санагдана. Өөрсдөө л “Монголынхоо төлөө чин шударгаар зүтгэмээр байна” гэж байгаа бол цалин, урамшуулалгүй болговол яадаг юм УИХ-ын гишүүдийг.

Ерөнхийлөгч

2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараагаар түүнд нийцүүлж 30 гаруй томоохон хуулийг нэмж өөрчлөх шаардлагатай гэдэг жагсаалт гарсан. Нэлээдийг нь батлаагүй, хийх ажил мөн ч их байгаа, УИХ-д. Тэдгээрийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль. Төслийг нь боловсруулсан, өргөн барьсан боловч УИХ хэлэлцдэггүй, хэлэлцэх тухай яриа гардаггүй нь гайхмаар. Зангилаа нь мэдээж МАН-аас дэвшсэн боловч намаас түдгэлзсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд л байгаа. Эрх хэмжээг нь Үндсэн хуульд нийцүүлж хасахаас айдаг юм уу, өнөөх нь дахиад парламентаас сонгогдсон анхны Ерөнхийлөгч болж улирч үзмээр байна гэсэн юм уу, мэдэхгүй.

“Бидний зорьж буй” сонгодог парламентыг хэвшүүлсэн орнууд Ерөнхийлөгчөө УИХ-аасаа сонгодог гэж судлаачид ярьж байгаа. Давуу тал нь юу юм бэ, сөрөг тал нь юу билээ гэхээр дорвитой тайлбар судлаачдаас гараагүй. Монголчууд парламентын гишүүдээ аймаг, дүүргээсээ жал довоосоо тус тусдаа сонгож байна. Засгийн газрын гишүүнээр хэнийг ажиллуулахаа Ерөнхий сайд нь өөрөө мэдэж байна. Төрийн тэргүүнээ ард нийтээрээ сонгохоор юу нь болохгүй байгааг хэлж өгөөч. Төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчээ сонгох сонгууль бүх ард түмнийг талцуулж, хагалган бутаргаж байна гэх юм. Монгол Улсыг гадаадад төлөөлөх, ҮАБЗ-ийг тэргүүлэх хүн парламентын засаглалтайгаа байр суурь, бодлого нэг байх ёстой гэсэн үндэслэл харин ойр сонсогдоод байгаа юм.

Юутай ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нь дагаж мөрдөх журмын хууль, цэцийн дүгнэлт, улстөрийн цаг агаар зэргээсээ үүдэн амаргүй цаг үед яригдаж байна. Нэгэнт л эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд сонгодог парламентын засаглал хөгжүүлэх шийдэл нь мөн гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн эхийг бэлдэж байгаа бол даруйхан эхлүүлж, ард нийтээс санал авах нь зөв байх аа. Хууль санаачлах эрхийг өгсөн байтал дүлэгнэж, халширсаар цөөнгүй боломжийг алдсан улс.

Г.Улсболд

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.