Цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд уул уурхайн салбар хүнд цохилтод ороод буй. Улсын эдийн засгийг нуруундаа үүрдэг энэ салбарын үйл ажиллагаанаас хамаарч улсын төсвийн орлого бүрдэж цаашлаад цалин тэтгэвэр зэрэг бүх зүйл шалтгаалдаг. Гэвч худалдааны гол түнш болох урд хөрш хилээ хязгаарласнаар төмөр замгүй, машинаар нүүрсээ зөөдөг горыг нь одоо ч амсч байна. Монгол Улсын хувьд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн алтан боломжоос атгах нь бүүхэл экспорт амьтай төдий байгаад нь талархахаас өөр гарцгүй байлаа.

Хэдийгээр Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр хилийн боомтуудын гацааг арилгах чиглэлд анхаарч байгаа ч  айлын тал ямар шийдвэр гаргахаас л шалтгаална. Сүүлийнүед цар тахал намжиж урд хөрш хилээ чангаруулах бодлогоо сулруулж нүүрсний задгай тээврийг зөвшөөрч, Шивээхүрэн-Сэхээ боомтыг хүртэл нээх тухай сайн мэдээлэл ар араасаа хөврөх болов. Энэ ч үүднээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.05.26/ Өмнөговь аймгийг зорьж, уртын тээвэр буюу Тавантолгой уурхайгаас Цагаанхад хүртэлх нүүрс тээврийг эхэлснийг албан ёсоор мэдэгдэх бололтой. 

Хилийн боомтууд нь “тэг” зогссон үед экспортын гол суваг болох Гашуунсухайт боомт амьтай төдий ажиллаж буй. Харин цар тахлын нөлөөгөөр бүтэн жил гаруйн хугацаанд тэг зогссон Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг нээж байгааг өчигдөр Засгийн газраас мэдээлсэн.  Мөн өмнө нь гуравдугаар сард уртын тээврийг эхлүүлж нүүрс тээврийн тоог 300-500 хүртэл хүргэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн ч өдөрт 100-200 нүүрс тээврийн машин хилээр гарч байсан юм.

Энэ онд улсын төсвийн тодотголд тусгаснаар 36.7 сая тонн нүүрс экспортлох өөдрөг төсөөлөлтэй байгаа. Гэвч энэ онд бүх хүчин чадлаараа ажилаласан ч тооцсон шиг ийм хэмжээний нүүрс экспортлох боломжгүй гэдгийг шинжээчид хэлж байв.

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.ЗОЛЖАРГАЛ:

-Хил нээгдэж экспорт нэмэгдэнэ гэсэн найдлага байхгүй. Ийм байдлаар энэ онд 36.7 сая тонн нүүрс экспортолж чадахгүй. Эргээд төсөөлсөн хэмжээндээ ч хүрэхгүй. Экспортын орлого буурахад эдийн засагт шууд сөргөөр нөлөөлж байгаа. Одоогоор ганц найдвар нь чингэлэг тээврийн терминалыг ашиглах. Үүний тулд Хятадын талтай Гадаад харилцааны яам шаргуу ажиллах хэрэгтэй.

Эдийн засагч С.Бямбахорлоо.

Энэ онд 36.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч энэ оны эхний улиралд биелээгүй. Одоо хоёрдугаар улирал дундаа ороод байна. Угаасаа төсвийн биелэлт хүрэхгүй, одоо ч хүндхэн байна. Ийм байдлаар ирэх есдүгээр сард улсын төсвийн орлогын биелэлтээс 50 хувьд ч хүрэхгүй. Тэгэхээр Засгийн газрын хэрэгжүүлж буй бүх ажил, төсөл царцна л гэсэн үг. Уг нь зах зээлд  Монголын нүүрсийг худалдан авах эрэлт Хятадын талд бий. Хамгийн гол нь хорио цээрийн асуудал тушаа болсон шүү дээ. Covid-19 халдварын нөхцөл байдлаас л шалтгаалж хилийн боомтуудад гацаа үүсээд байна.  Наад зах нь тээврийн жолооч нараас хилийн цаана Covid-19-ийн эерэг тохиолдол илэрдэг. Өөрсдөөс шалтгаалсан асуудлууд их байгаа гэж харж байна. Дээр нь хилийн боомтуудад төрийн оролцоо нөхцөл байдлыг хүндрүүлдэг.Боомтуудын үйл ажиллагаа нь жигдэрч эхэлж байтал Ерөнхий сайд нь ч тэр, Хуульзүй дотоод хэргийн сайд нь очиж асуудалд оролцдог нь сайд биш саад болчихоод байна.  Уг нь халдвар хамгааллын дэглэм барихаас гадна боомтоор гарах боломжийг нь л нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн юм.

Цар тахалгүй үед өдөрт хилийн боомтоор 1000 гаруй ачаа тээврийн машин гардаг байсан бол өнөөдөр ихдээ л 200 машин дөнгөн данган гарч байна. Хэрэв улсын төсвийн гол эх үүсвэр тасарвал төрийн данс улайж, татварын дарамт иргэдийн нуруунд ачаа болох вий гэсэн болгоомжлол ч бий.

Б.ЦЭЦЭГ

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.