Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдрийн Засгийн гзарын хуралдаанд оролцжээ. Тэрээр нийтийн тээврийн паркийг хэрхэн шинэчлэх мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-“Улаанбаатар смарт карт” хамтарсан компанийг 2014 онд БНСУ-ын талтай хамтран байгуулсан. Энэ компанид аудит оруулъя, санхүүгийн дүнг нь харья гэхээр болдоггүй. Бүх тооцоогоо БНСУ руу явуулчихдаг юм байна. Ухаалаг картын системийг манай дотоодын компаниуд өөрсдөө хийх бүрэн боломжтой. “Улаанбаатар смарт карт” компанийн картыг хэрэглээнээс хална.

Нийтийн тээврийн ачааллыг төр үүрч явах ёстой юм билээ. 2015 оноос эхлэн смарт карттай болсноороо 53 тэрбум төгрөгийн татаас 180 тэрбум гаруй болж нэмэгдсэн. Улаанбаатарын тээврийн бүх статистик БНСУ руу явдаг болжээ. Нийтийн тээвэрт цахим шилжилтийг үндэсний компаниудтай хамтран хэрэгжүүлнэ.

-Хүүхдийн автобус шинээр авах уу?
-Хүүхдийн 75 шинэ автобус хил дээр ирсэн. Ковидын дараах эдийн засгийн хүндрэл, тээвэр логистикт үүссэн гацаа нийтийн тээврийн шинэчлэлийг хойшлуулсан. Нийслэлд нийт 1400 шинэ автобус хэрэгтэй. Ерөнхий сайд үүний талыг энэ онд, 2023-2024 онд үлдсэн автобусыг худалдан авах чиглэл өглөө.

975 тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа хэтэрсэн буюу эдгээрийг бид 10-аас дээш ажил ашигласан. Иймд нийтийн тээврийг үе шаттай шинэчлэх хэрэгтэй. Төр хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, санхүүжилтийг шийдэхээр ажиллаж байна. Олон улсын байгууллагаас хоёр жилийн хугацаатай, 40 орчим сая ам.долларын зээл авна. Зээлийг төслийн өөрийн орлогоор эргүүлэн төлнө. Мөн хотын төсвөөс 60 тэрбум төгрөгийг шинэ автобус авахад зарцуулна. Нийслэлийн түгжрэлийг бууруулахад нийт 420 тэрбум төгрөг зарцуулна.

591 автобусыг наймдугаар сарын 20-ны дотор татан авах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Гэвч Нийслэлийн худалдан авах ажиллагаа удааширсан тул хурдлуулах үүрэг өглөө. Цаг хожихын тулд шууд худалдан авалт хийж, үйлдвэрлэгч, албан ёсны эрх бүхий дистрибютертэй хамтран ажиллана. Эхлээд 110 цахилгаан автобус, дизель хөдөлгүүртэй 400 орчим автобус авна.

-Нийтийн тээврийн парк шинэчлэлийг ямар санхүүжилтээр хийх вэ?
-Дотоод, гадаадын эх үүсвэрээр хийнэ. Хятадын Хөгжлийн банк, Экспорт-Импортын банк, дотоодын банк гэсэн схемээр явж байна. Бид богино хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн.

skip-share
2009 оноос хойш дорвитой, томоохон шинэчлэлийг нийтийн тээвэрт хийгээгүй.

-Түгжрэлийг бууруулах ямар ажлууд хийж байна вэ?
-Нийтийн тээврийн парк шинэчлэл түгжрэлийн нэг л шийдэл. 11-11 төвд ажиллахад иргэд парк шинэчлэлийг богино хугацаанд хийх, соёлтой, боловсон, цагийн хуваарийн дагуу явдаг нийтийн тээвэр нэвтрүүлэх хүсэлтийг маш их тавьсан.

Улсын төсвийн санхүүжилтээр тодорхой хэсгийг шийднэ. Мөн цаг хэмнэх үүднээс хувийн хэвшил, олон улсын түншлэл, гадаад, дотоодын эх үүсвэрээр зохицуулж байна. Сангийн яамны зүгээс гааль, НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай. 2009 оноос хойш дорвитой, томоохон шинэчлэлийг нийтийн тээвэрт хийгээгүй. Нийслэлийн иргэдийн тоо 1.6 саяд хүрсэн. Тиймээс түгжрэл бол бүх нийтийн асуудал.

Нийтийн тээвэр тохилог, тухтай, орчин үеийн, шаардлагад нийцсэн байх ёстой. Бид ч ийм шаардлага тавьж байгаа. Мөн маршрутыг зөв төлөвлөх ёстой. RFID буюу мэдрэгчтэй төхөөрөмжийг 169 гэрлэн дохионд суурилуулах ажил эхэлсэн. Наймдугаар сарын 20-н гэхэд дуусгахаар төлөвлөсөн.

Улаанбаатар тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олголтоо өөрсдөө хийдэг байх ёстой. Тэгэхгүй бол тээврийн хэрэгслийн тоо тодорхой бус. Бүртгэлжүүлснээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, зохицуулалт, бүртгэл, хяналт шалгалтаа хийх бололцоо бүрдэнэ.

-Хөнгөн галт тэрэг буюу LRT барих ажил ямар шатандаа явж байна вэ?
-Хөнгөн галт тэрэг Улаанбаатарт зайлшгүй шаардлагатай. Түгжрэлийг шуурхай, хурдтай шийдэхгүй бол 2024 онд тэг зогсоход хүрнэ. Үүнээс сэргийлэх үүднээс нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна. Эхний шийдэл гэсэн үг. Ухаалаг систем нэвтрүүлж, RFID мэдрэгч тавьж буй нь бас нэг шийдэл. Мөн авто зогсоолуудыг ухаалаг системтэй холбож, шийдлийг гаргаж, НИТХ-аар хэлэлцүүлэх юм.

Тээврийн хэрэгслийн бүртгэл, тооллого чухал. Улаанбаатарын иргэдийн нэр дээрх тээврийн хэрэгсэл 385-400 мянга байгаа болов уу. Үлдсэн нь хотын иргэний нэр дээрх орон нутгийн иргэдийн машин байгаа болов уу гэж таамаглаж байна.

Төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот руу шилжих, дэд төвүүдээ тойрог хурдны замаар холбох, ингэснээр хотын төвийн Их тойруу, Бага тойруугийн авто замын ачааллыг бууруулах ажлыг хийнэ. Ялангуяа шинэ нисэх онгоцны буудлын дэргэд байгуулах дагуул хот бол Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах шийдэл байх юм.

skip-share
Улаанбаатар дотоод хүч, нөөц, бусад эх үүсвэрээр хөнгөн галт тэргийг концессын болон бусад дараа төлбөрт санхүүгийн нөхцөлөөр барих бүрэн бололцоотой.

-Хөнгөн галт тэрэг барих ажлыг Олон улсын валютын сангаас болиулсан гэж үнэн үү?
-Энэ бол ташаа ойлголт. 510 сая ам.долларын баталгаа гаргах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцсэн. Улаанбаатар дотоод хүч, нөөц, бусад эх үүсвэрээр хөнгөн галт тэргийг концессын болон бусад дараа төлбөрт санхүүгийн нөхцөлөөр барих бүрэн бололцоотой. Тиймээс Улаанбаатарын орлогыг хөрөнгө оруулалт дэмжих эх үүсвэр болгон үлдээвэл бидэнд дэмжлэг болно.

Нөгөө талаас Тавантолгойн нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх хувилбарууд руу шилжих ёстой юм. Улсыг өрөнд оруулалгүй, төсөвт хүндрэл учруулалгүй хөнгөн галт тэрэг, тойрог хурдны замын төслүүдийг хэрэгжүүлэх тооцооллыг гаргасан.

Хөнгөн галт тэрэг бол олон улсын хэмжээнд шаардлагад нийцсэн тээврийн хэрэгсэл. Эхний ээлжид барих 18.1 км замын нийт байгууламж, газар чөлөөлөлт, магадалшгүй зардалтайгаа нийлээд 926 сая ам.доллар гэсэн зардал ТЭЗҮ-д тусгагдсан. Бодит өртгөөр тооцвол 960 сая ам.доллар. Үүнийг бууруулах бололцоотой. Наад зах нь гааль, НӨАТ, онцгой албан татвараас чөлөөлөхөд 70 сая ам.долларыг хэмнэнэ.

Тэгэхээр энэ төслийг жадлан эсэргүүцээд байх шаардлагагүй. Хотын түгжрэлийг бууруулах гол зангилаа нь хөнгөн галт тэрэг шүү. Нөгөөх нь тойрог хурдны зам. Хоёр төсөлд оролцох инженер, техникийн ажилтнууд хэдийнээ ирчихсэн. Ажлын зургаа хийгээд Засгийн газар, Улаанбаатар хотын дэмжлэг, байр суурийг хүлээж байна.

-Туул гол дагуух 16 байршилд тохижилтын ажил хийнэ гэсэн.
-Эхний ээлжид иргэд, олон нийтийн дунд зургаан байршилд тохижилтын ажлын уралдаан зарласан. Бага тэнгэрийн ам, Баянзүрхийн гүүр, Дугуй цагаанд зургийн дагуу ажил нь эхлэхэд бэлэн. Заримынх нь ажил эхэлсэн. Гурвыг нь энэ жил, үлдсэн гурвын ажлыг энэ жил эхлүүлж, ирэх жил дуусгахаар төлөвлөсөн.

-Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хот бонд гаргах эрхтэй болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Бонд, үнэт цаас гаргах, концесс хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа явуулахад Сангийн яамтай заавал зөвшилцөх зохицуулалттай. Улаанбаатарын хөрөнгийн үнэлгээ хийх ажил долдугаар сараас эхэлж, есдүгээр сар гэхэд дуусна. Үнэлгээ гарсны дараа бондыг Сангийн яамтай ярилцаж, Засгийн газарт танилцуулна.

-Эхний ээлжид ямар чиглэлээр бонд гаргах талаар төлөвлөж байна вэ?
-Дэд бүтцийн бонд гаргах хүсэлтэй байна.

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.