“Друзья Новороссии в Монголии” ТББ-ын үүсгэн байгуулагч, дэд тэргүүн Б.Батболдтой ярилцлаа.

Та “Друзья Новороссий в Монголий” Төрийн Бус Байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг юм билээ. Энэ байгууллага яг ямар зорилготой юм бэ? гэдгээс яриагаа эхлэе?

2014 онд Украинд хууль бус төрийн эргэлт болж, фашистууд, алан хядагчид, нацистууд төрийн эрхэнд нь гарчихаад, Зүүн Украины Орос иргэдийг хэл, соёлоор нь гадуурхаж эхэлсэн. Улмаар тэднийг Орос хэлээр нь яриулахгүй гэж хууль гаргасан. Уг хуулийг эсэргүүцсэн хүмүүсийн өөдөөс буу шагайж эхэлсэн явдлыг нилээн ажиглаж байгаад 2015 оны 3-р сард бидний хэсэг нөхөд уг үйл явдлыг эсэргүүцэж дуу хоолойгоо гаргах хэрэгтэй юм байна гээд төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулсан юм.

Өнөөдөр яг ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

2015 оны 3-р сард төрийн бус байгууллагаа байгуулаад, 5-р сард нь гэрчилгээгээ авсан. Ингээд 5 сарын 9-нд Улаанбаатар хотод Жуковын талбай дээр жагсаал хийж, 5 сарын 18-нд Донбасст туслая гэдэг хандивын аян өрнүүлж, концерт зохион байгуулж байлаа.

Гэтэл сая Украинд нөхцөл байдал улам хурцадлаа. Фашистууд улам даварч, энэ хооронд 14,000 хүн нас барлаа. Ингээд ОХУ цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн. Энэ нь ч маш зөв. Бид ОХУ-г дэмжих ёстой. Путины шийдвэр зоригтой, зөв байна. Украинд энгийн иргэд амиа алдаж байна.

Иймээс бид 7 жилийн дараа буюу 2022 оны 4 сарын 9-нд ахин цуглаан хийсэн. Цуглаанаа эхлээд Сүхбаатарын талбай дээр хийе гэсэн ч зөвшөөрөл өгөөгүй. Гэтэл Ардчилсан Намынхан дуртай үедээ л Сүхбаатарын талбай дээр жагсаж байдаг. Ялалтын талбай дээр хийе гээд Чингэлтэй дүүрэгт хандсан бас л зөвшөөрөл өгөөгүй. Харин Баянзүрх дүүрэг Жуковын талбай дээр жагсаал хийх зөвшөөрөл өгсөн. Үүнд бас талархал илэрхийлж, дүүргийн захиргаанд нь баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх. 2022 оны 5 сарын 8-нд жагсаалаа өргөжүүлж дахиж хийсэн. Энэ жагсаалд хүмүүс маш олноор ирж оролцсон. Офицеруудийн холбоо ирж оролцлоо. Хурандаа нар ирсэн. ОХУ-ын ЭСЯ-наас биднийг хүндэтгэж, Элчин сайд И.К.Азизов өөрөө ирлээ. ЗХУ болон ОХУ-д төгсөгчдийн холбооныхон ирж оролцсон. Монголд амьдардаг Орос үндэстнүүдийн холбооныхон ч ирж оролцлоо. Үүний хажуугаар манай залуучууд өөрсдийн сэтгэлээр дэмжиж, маш өргөн оролцлоо. Бид дуудаагүй шүү дээ. Энэ жагсаалд маань хүмүүс хэдэн мянгаараа ирж оролцсон. Ийм үйл ажиллагаанууд зохион байгуулж байна. Гэхдээ бидний хийж буй үйл ажиллагааг зөвхөн ОХУ-г дэмжиж байгаа зүйл гэж битгий өнгөц хараач ээ. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө л хийж байгаа гэдгийг ойлгооч ээ гэдгийг хэлмээр байна.

ОХУ Украинд өөрсдийнх нь албан ёсны тайлбараар бол цэргийн тусгай ажиллагаа, барууныхны хэлж буйгаар бол дайн, түрэмгийлэл явуулж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ үйл явдал Монголын нийгэмд ч талцал үүсгээд байна. Та мэдээж ОХУ-г дэмжиж буй иргэдийн төлөөлөл. Та болон таны нөхөд яагаад Оросыг дэмжиж байгаа бэ?

1941 оны 6 сарын 22-нд Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн гэдгийг та нар мэдэх байх. Үүнийг Германы фашистууд, алан хядагчид эхлүүлсэн. Тэд ЗХУ-ын гэмгүй 27 сая иргэнийг хороосон байдаг. Амиа алдсан бусад улсын иргэдийн тоог оруулах юм бол 50 сая гаруй хүн амиа алджээ. Тухайн үед үүний эсрэг бүгд ЗХУ-тай нийлж Германы фашистуудыг дарсан шүү дээ. Өнөөдөр эсэргүүцээд байгаад Англи, Франц бүгд ЗХУ-ын холбоотон байсан.

Гэтэл өнөө цагт ахиад тэр фашизм гараад ирэхэд харин яагаад ОХУ-ын эсрэг болчихов? Би Зүүн Украинд, бүр тодруулбал өнөөдөр үнс нурам болчихсон Мариупольд 1984-1989 онд суралцаж байсан. Тэр үед Украины иргэд, дайнд оролцсон ахмадууд бид Баруун Украинд дутуу орхичихжээ гэж ярьдаг байсан. Тухайн үед юу яриад байгаа юм бол гэж гайхдаг байлаа. Бүр тодруулбал Баруун Украинд фашистуудыг үлдээчихэж, энд л фашистууд байна гэж 1984, 1985 оны үед өвгөчүүл нь ярьдаг байсан. Сүүлд нь л бид ойлгосон. Тэд өнөөдөр улам томроод, үржээд, 2014 оны 2-р сард төрийн эрхийг хууль бусаар авсан. Улмаар Орос үндэстэн гэсэн хүн бүрийн эсрэг буу шагайж байна. Гэтэл энэ фашистуудыг НАТО, АНУ зэр зэвсгээр, мөнгөөр, машин техникээр дэмжиж байна шүү дээ.

Энэ юу гэсэн үг вэ? 70 гаруй жилийн өмнө тэмцэж явсан фашистуудтайгаа өөрсдөө өнөөдөр нийлчихсэн, Оросыг буруутгаад явж байна. Би үүнийг ойлгохгүй байна. Энэ асуудлыг Монголчуудтайгаа холбож хэлэхэд 1990 оноос хойш бидний мэдээллийг хаачихаж.

Би 1989 онд сургуулиа төгсөж ирээд, 1990 онд мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд залуухан сайхан инженер байлаа. Ц.Элбэгдорж, С.Зоригийг би мэднэ. Д.Сосорбарам юу ярьж явсан гэдгийг сайн мэднэ шүү дээ. Амьд гэрч нь би. Эхэндээ их гоё юм ярьж байсан. 50-р дэлгүүр дээр бичиг наачихсан, хүмүүс очоод уншдаг байсан. Их дэлгүүрийн урд өглөө, орой яриад л зогсдог байсан. Хүмүүс ч дэмждэг байсан. Би ч дэмжиж байсан. Гэхдээ эд нар хагас жил л тэгж ярьсан. Хожим нь мэдэхэд эд нар чинь жинхэнэ гар хөл байсан юм билээ.

1990 оны хавар Ж.Батмөнх дарга их буруу юм хийсэн. Өнөөдрийн хулгайч нарт боломж гаргаж өгсөн явдал үүнээс эхтэй. Би өөрөө улстөр судлаач, үүнийг нүдээрээ харсан учраас сайн мэднэ. Миний аав цагдаагийн хурандаа хүн байсан. Тухайн үед аав минь энэ Ж.Батмөнх мөн тэнэг хүн шүү гэж уурлаж байсан. Үнэхээр тэнэг алхам хийсэн. Уучлаарай, энэ хүнийг муулсан бол. Ю.Цэдэнбал даргыг хэлмэгдүүлсэнд нь Ж.Батмөнхийг би буруутгаж явдаг. Ж.Батмөнх дарга ардчилагчид гээд байгаа өнөөдрийн олигархиудад Монголын хувь заяаг даатгаж өгсөн. Тухайн үеийн МАХН-ын удирдлагууд солигдоход мөн л өнөөдрийн олигархиуд удирдагчид нь болсон. Тэгэхээр МАХН буюу өнөөдрийн МАН нь хуурамч, Ардчилсан нам нь ч захиалгын юмнууд л нийлсэн. Түүнээс биш 1990 оноос өмнөх МАХН одоог хүртэл яваад байгаа юм биш шүү дээ. Тэд нар бас төрийн эргэлт хийчихсэн. Тэд юунаас эхэлсэн бэ? гэхээр шинжлэх ухаан, барилга байгууламж, зам тээвэр, батлан хамгаалах гээд бүх зүйлд туслаж байсан, 70 гаруй жил ажилласан Оросын бүтээн байгуулалтыг зогсоож, Оросуудыг муулж, цэргийн ангийг нь хөөж гаргасан.

Гэтэл Монгол улс Оросуудын хийж өгсөн бүтээн байгуулалтын ачаар тогтсон шүү дээ. Өнөөдөр чи энд сууж байгаа нь ч тэр зүйлийн л ач байхгүй юу. Ардчиллын хүч гэж ерөөсөө байхгүй. Монгол Улс өнөөдөр оршин байгаа нь Оросын л хүч.

Товчхондоо ерөөсөө л энэ. 1990 оны хавар Ц.Элбэгдорж тэргүүтнүүд жинхэнэ нүүрээ гаргасан. Оросыг муулаад, үгүйсгээд эхэлсэн. Ингээд тэднийг дагаж, дэмжиж байсан хүмүүсийн ихэнх нь ардчиллаас нүүр буруулсан. Тухайн үед даан ч сошиал гэж зүйл байхгүй байж. Ардчиллынхан өөрсдийгөө ялна гэж бодсон ч чадаагүй. МАХН ялсан. Гэхдээ тэд ч бас зүсээ хувилгасан хүмүүс байсан. Ингэж л эхэлж байсан юм. Тэд л өнөөдрийг хүртэл хамаг зүйлийг өмчилж, хулгайлж, сүйрүүлээд, бидний тархийг угаасан хэвээрээ л явж байна шүү.

Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл нар бол Оросыг дэмжиж буй иргэдийг Путины 5-р цувааны урвагчид, КГБ-ийн гар хөл гэж хэд хэдэн удаа хэлсэн. Үүнд ямар та ямар тайлбар өгөх вэ?

Д.Сосорбарам 1990 онд юу гэж орилж байсныг би мэднэ. Бас л Оросуудыг муулж, 1937 оны хэлмэгдүүлэлт яриад явж байсан. Сая түүнийгээ л давтаад явж байна. Тухайн үед хэлмэгдсэн нь үнэн. Гэхдээ тухайн үед Оросууд ч хэлмэгдсэн. Бусад улс орнууд ч хэлмэгдсэн юм. Одоо харин эд нараас болоод 3 сая хүн хэлмэгдээд сууж байна. Ядуу, өртэй, зовлонтой байна. Хүн бүр тэгш байртай, машинтай байна уу? Байр, машинаа байг гэхэд сайхан ажил, үйлдвэр ядаж байна уу? Нөгөө 700 гаруй үйлдвэр байхгүй. Зам байна уу? Байхгүй. Шатахуунаа улс хариуцах ёстой шүү дээ. Бид юу гэж “Петровис”-ийг хараад сууж байх юм бэ? Өөрсдөө ийм болгож хаячихаад өнөөдөр өөр юм яриад сууж байна. Украинд болж байгаа үйл явдал бол цэргийн тусгай ажиллагаа гэж зөв нэрлэсэн. Улстөр судлаач хүний хувьд үүн дээр нэмээд тайлбарлахад энэ бол өнөөдрийн шинэ фашистуудыг чөлөөлөх үйл ажиллагаа. Украины ард түмнийг шинэ фашистуудаас, алан хядагчдаас чөлөөлөх үйл ажиллагаа гэж нэмж оруулах ёстой. Энэ бол Украиныг эзэлж байгаа биш Украины ард түмнийг фашистуудаас чөлөөлж байгаа үйл ажиллагаа. Энэ дэлхий дээр нэг ч фашист байхгүй байгаасай гэсэндээ Путин энэ үйл ажиллагааг эхлүүлсэн. Харин барууныхан яагаад дэмжээд байгаа юм? Би мэдэхгүй байна. Харин Д.Сосорбарам, Э.Бат-Үүл, Д.Монголхүү гэж хүмүүс яагаад толгой нь эргэчихээд яваад байгаа юм бэ? Эд нар Монголын төлөө дуугарахгүй байна. Барууны захиалгаар яваад байна. Барууныхан юу гэж хэлнэ, түүнийг л тоть шиг давтаад байна. 1990 оноос өмнө Оросын тухай барууныхны хэлж байсан зүйлийг л тэд одоо хэлж байна. Тэгэхээр барууны захиалгын хүүхэлдэйнүүд гэдэг нь мэдэгдэж байна. Монгол цус, Монгол сэтгэл, Монгол эх оронч ёс суртахуун тэдэнд алга. Байгаа ч үгүй юм байна. Ёс суртахууны хувьд, хүмүүжлийн хувьд бидний ирээдүй маш бүрхэг болж байна. Ядаж л одооны түүхийн номнуудыг харахаар маш худлаа, аймшигтай байна.

Ерөнхий Сайд асан М.Энхсайхан : “Путин параной өвчтэй болсон байна” гэж ярьсан байсан. Мөн барууны хэвлэлүүдээр түүнийг төрийн эргэлтээр огцруулж магадгүй гэж бичих болсон. Таны хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг улс төрчийнх нь хувьд хэрхэн дүгнэдэг вэ?

Эх орноо хүнд байдлаас босгосон Путин шиг Ерөнхийлөгч цөөхөн байх. Монголоос төрсөн ийм төрийн тэргүүн гэвэл Ю.Цэдэнбал агсан яах аргагүй байна. Х.Чойбалсан яах аргагүй байна. 1999 онд би ОХУ-д байсан. Тухайн үед Орос улс маш хүнд байсан. Либералиуд, янз бүрийн ашиг сонирхолтой хүмүүс Елцины эргэн тойронд бүрэлдэж эхэлж байсан. Елциныг би Оросыг сүйрүүлсэн гэж хэлнэ. ЗХУ-ыг задлах ажлыг Елцин хийсэн шүү дээ. Елцин маш том алдаа хийснээ 1999 онд ойлгосон. Энэ алдаагаа ойлгосон нь том гавъяа. Дотроо Орос орныг буцаагаад улс шиг улс болгох бодлыг тээж явсан юм байна лээ. Ингээд хэдэн жилийн турш, маш олон хүнийг судалж байгаад 1999 онд Путиныг гаргаж ирсэн. Маш зөв хүнийг гаргаж ирсэн.

Путины хувьд КГБ-ын тусгай ажилтан гэхээсээ илүү сэтгэл санаа, уламжлал, хүмүүжлээрээ эх орныхоо төлөө бэлтгэгдсэн хүн юм байна лээ. Гэр бүлийнх нь, эцэг эхийнх нь амьдралыг хар. Хүмүүжлийг нь хар. Тэр хүний сурч байсан сургуулийг нь, ажллаж байсан ажил, хүсэл эрмэлзлэлийг нь хар даа. Энэ хүн КГБ гэлтгүй цаанаасаа бэлтгэгдсэн хүн байна лээ. Энэ хүн бол маш ухаалаг хүн. Манай Монголын төрийн толгойд Путин шиг ухаантай, зоригтой, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн нэг ч гарч ирээгүй. Монголын сүүлийн зургаан Ерөнхийлөгч дунд хэн нь ч ийм байж чадаагүй.

Хэрэв тийм хүн байсан бол, тэдэнд Монголоо гэсэн сэтгэл, ухаан, зориг нь байсан бол өнөөдөр бид ингэж амьдрахгүй байсан. Өнөөдөр хамаг зүйлээ өмчлүүлж, хувьчлуулаад, махны үйлдвэрээ хүртэл хятадуудад өгчихөөд, махаа хятадуудаас авна гэж юу гэсэн үг вэ? Энэ төрийн мэдлийнх байх ёстой. Гэтэл төрийн мэдэлд байсан үйлдвэрүүдээ яагаад хувьчилчихсан юм бэ? Төрийн мэдлийн юмгүй болчихоор улс шиг улс биш болчихдог юм. Өөрсдийн мэдлийн бензин тосгүй, “Петровис”, “МТ”, “Шунхлай”-гаас авдаг ядарсан төр байж болохгүй. Өнөөгийн энэ алдаатай бодлого биднийг ухааруулж эхэлж байна. Украиныг чөлөөлөх үйл ажиллагаа яагаад эхэлсэн юм бэ? гэхээр өнөөгийн Монголын төрд шургалсан луйварчид, урвагчид, хулгайчид, неофашистууд, барууныг дагасан гөлөгнүүд шиг хүмүүс орчихсон, ард түмнээ дээрэлхээд байсан учраас эднийг цэвэрлэх гэж орсон юм. Тэднийг буудаж алаад байсан юм. Монголд буудаж алахгүй ч гэсэн дээрэлхээд байгаа шүү. Биднийг хуураад явж байна шүү. Путин энэ үйлдлээрээ Монголыг сэрээж өглөө. Оросыг сэрээлээ. Дэлхийг сэрээж өглөө. Дэлхий одоо тэр чигээрээ Путиныг дэмжиж байна. Хятад тэр даяараа, Энэтхэг, Бразил болон бусад жижиг улсууд бүгдээрээ. Арабын баян шейхүүд бүгд дэмжиж байна. Мөнгөтэй нь ч дэмжиж байна. Боловсролтой нь ч дэмжиж байна. Ядуу нь ч дэмжиж байна. Яагаад гэвэл Путин зөв учраас. Путин зөв юм хийж байгаа.

Ярилцлагын төгсгөлд нийт Монголчууддаа хандаж юу гэж хэлэх вэ? Магадгүй уриалга ч байж болох юм?

Хувь хүнийхээ хувьд Монголчуудаа битгий талцаасай гэж хүсч байна. Гэхдээ МАН, АН гэж талцаж битгий яваач ээ. Энэ хоёр нам бол худлаа гэж хэлмээр байна. Яг ард түмний төлөө явах хүмүүсийг л гаргаж ирмээр байна. Тэд нар нь нам байгуулна уу? Үгүй юу хамаагүй. Ардчилсан нам, МАН-аас нэг ч хүн битгий гаргаач ээ гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, улстөрч хүний хувьд хэлэхэд ухаантай, зоригтой, сэтгэлтэй, Монголоо гэсэн хүмүүсийг л гарга. Ийм хүмүүс МАН, АН-д нэг ч байхгүй. Бид өрөвдсөөр байгаад өөрсдийгөө өвчүүлчихлээ, алуулчихлаа.

Хөөрхий МАН, АН, тэр ч гайгүй байх, энэ ч гайгүй байх гээд байдаг. Үгүй байхгүй юу даа. Эд нар чинь мафи, цаанаа нэг тогооны хүмүүс. Цаагуураа юмаа хувааж иддэг хүмүүс гэдгийг ойлгооч ээ. Өөр ямар нэгэн намыг дэмж гэж байгаа юм биш. Гэхдээ тэр хоёр нам руу битгий хар. Битгий дэмж. Засгийн эрхээ ард түмэн өөрсдийн мэдэлдээ ав. Тэгээд л болоо.

Тэгвэл бүгдээрээ гоё амьдарна. Бүх үйлдвэрээ, хүнсний үйлдвэрээ, бензин тосоо өөрсдийн болгоод, улсынх болгож авах хэрэгтэй. Тэгсэн цагт бид маш богино хугацаанд хөгжинө шүү. Энэ хоёр намаас салсан цагт ямар ч үзэл сурталгүйгээр хөгжинө. Үүнийг л хэлмээр байна. Ард түмэндээ аз жаргал эрүүл энх, сайн сайхныг хүсье. Хэдийгээр сонгууль болоогүй байгаа ч сонголт нь мэргэн байг гэж хэлье. Бүгдээрээ жоохон ухаарах хэрэгтэй байна шүү. Мөн 2022 оны 5 сарын 8-нд “Өнө мөнхөд дурсагдах дайчин хороо” (Бессмертный полк) жагсаал, Жуковын талбайд болсон Аугаа Их Эх Орны Дайны Ялалтын 77 жилийн ойн баярын цуглааныг зохион байгуулахад оролцсон “Новороссия андууд”нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Дашбилэг, Ч.Бат-Эрдэнэ, н.Жаргал, н.Батсайхан, н.Алтаннар нар болон бидэнтэй нягт хамтарч ажиллаж, тусалж дэмжсэн ЗХУ болон ОХУ-д төгсөгчдийн холбооны гишүүн Д.Нямтүшиг, Б.Чулуун, Б.Зундуй, н.Гантулга, Монгол улс дахь Орос иргэдийн байгууллагын Анатолий Георгиевич даргатай хамт олонд баярлаж талархснаа илэрхийлье!

Ярилцсан М.Чойжал

About Author

Админ

Сэтгэгдэл

Your email address will not be published.